Шинэ Ерөнхий сайд төсвийн тодотгол өргөн барихдаа яамдынхаа тоог цөөрүүлээгүй, яамгүй Үндэсний хороо тэргүүлдэг гурван сайдаа л хаслаа. Харин 2.3 орчим их наяд төгрөгийн төсвийн хэмнэлтийг яаж хийх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Төсвийн шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага гарч ирлээ. Үүнтэй зэрэгцээд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит компаниудаа хэрхэх вэ гэдэг асуудал шийдлээ хүлээж байна.

Шийдлээ хүлээсэн ТӨК-иуд шинэ засгийг угтлаа

Өнгөрсөн жилийн өдийд арван их наядад хүрч байсан төсвийн орлого 1.4 их наядаар буурч төсвийн орлого тасалдсан. Нүүрсний экспорт сорилттой тулж, үнийн уналт үргэлжлэх төлөвтэй эдийн засгийг шинэ засаг хүлээж авлаа. Одоо урсгал зардлаа танах, төсвөө тодотгож зарим төслөө хойшлуулах, хөтөлбөрүүдийнхээ үр дүнг үнэлэн ангилж, нэгтгэн нийлүүлж оновчтой болгох, төрийн албанд цомхотгол явуулах шаардлага тулгарав. Дээр нь төсөвт нэмэргүй, татаасаар амьдардаг энэ олон төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын асуудал байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ТӨК-иудын мэдээллийг ил тод болгож, өөрчлөн зохион байгуулах чиглэлд алхам хийсэн ч том өөрчлөлтөө хийж амжаагүй. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлээр ТӨК-иудын өгөөжийг 40 хувь нэмэгдүүлэхээр заасан ч бодит байдал дээр олонх нь алдагдалтай, шахаа, томилгоо, тендэр тойрсон маргаанаас өөр зүйл алга. Төрийг данхайлгасан олон яам, агентлаг, газар хэлтсийн адилаар ТӨК-иуд өнгөрсөн хугацаанд төрийг тогтвортой байлгах, гомдогсдыг хийгээд горьлогсдыг албан тушаалтай байлгах, эвссэн намууддаа квотоор суудал өгч тогтоон барих хэрэгсэл байсан бол одоо зоригтой өөрчлөлт хийхгүй бол алдагдалтай төсөвтэй засагт алдагдалтай ажилладаг компаниуд ачаа л болно. Шинэ Ерөнхий сайдыг угтаж байгаа том асуудлуудын нэг нь энэ юм.

ТӨК-иудыг цэгцлэх сорилт

Орон нутгийн өмчит л гэхэд 400 орчим байгууллага бий. ЗГХЭГ-ын мэдээлж байснаар 122 төрийн өмчит компани байна. Үүний 99 нь толгой компани, 23 нь охин компани. Үүнийг задлаад харвал ЗГХЭГ-ын доор байгаа “Эрдэнэс Монгол”. Энд Зэс металлын групп, Дэд бүтэц ложистикийн группын арван толгой компани, дөрвөн охин компани байгаа бол Түлш эрчим хүчний группт зургаан толгой, арван охин компани байна. Цааш нь хөөвөл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын доор 42 компани, Эрчим хүчний яамны 34 компани, Сангийн яамны мэдлийн долоон компани, Зам, тээврийн яамны дөрөв, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дөрөв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хоёр компани бий. Нийт төрийн өмчит компаниудыг эзэмшлийн хувьд аваад үзвэл ТӨҮГ 16, ТӨХК 46, ТӨХХК 33. Төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьд хоёр нь хувьцаат компани, 17 нь ХХК, нэг нь ХНН байгаа бол нээлттэй хувьцаат компани зургаа байна.

Толгой компаниудын 40 хувь нь эрсдэлтэй түвшинд байна

Нийт толгой 99 компаниас 23 хувь нь хөрөнгийн өгөөжийн хувьд эрсдэлтэй, 40 хувь нь өр төлбөрийн харьцаагаар эрсдэлтэй түвшинд байна. Төрийн өмчит 99 хуулийн этгээдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “МИАТ” гээд тавхан компани нийт төрийн өмчит компаниудын борлуулалтын орлогын 73.5 хувийг эзэлжээ. Гэхдээ энэ компаниуд хамгийн их зардалтай ажилладаг. Зардлын нийт дүн нь нийт төрийн өмчит компанийн зардлын 67.3 хувийг эзэлж байгаа юм.

62 ТӨК 508.5 тэрбумын алдагдалтай ажилласан

ТӨК-иудын алдагдал улам нэмэгдсээр байгаа. Аудитын мэдээлэлд дурдсанаар 75 төрийн өмчит хуулийн этгээд ашигтай ажилласан бол 62 төрийн өмчит компани 508.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өөрөөр хэлбэл, нийт төрийн өмчит хуулийн этгээдүүдийн 45.2 хувь нь алдагдалтай ажилласан гэсэн үг. Төрийн өмчит, төрийн оролцоотой компаниуд хоцрогдлоороо ч тэргүүлж байна. Аудитын судалгаанд хамрагдсан 70 ТӨК-иас зөвхөн зургаан компани л засаглалын кодексийг нэвтрүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой 316 хуулийн этгээд цахим хуудасгүй гээд орчин үеэсээ алс хоцрогджээ. Менежментийн хоцрогдол, засаглал, удирдлагын арга барилын хувьд бүр социализмаараа байгаа газрууд ч бий. Хяналт хариуцлагаас хол төрийн өмчит, орон нутгийн өмчит газруудад хулгай зэлгий их. Зөвхөн 2023 онд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 105 нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хүмүүс байж. Арга барахдаа өмнөх парламентад зарим гишүүн Төрийн өмчит хуулийн этгээд нэмж байгуулахгүй байх хууль санаачлаад УИХ хэлэлцэлгүй явсаар бүрэн эрхийг нь дуусгасан. Ийм л байдалтай эдийн засаг хүнд байгаа үед төсөвт нэмэргүй олон арван ТӨК шийдлээ хүлээн шинэ Засгийн газрыг угтлаа.

ТӨК-иудыг өөрчлөх шаардлагатай

ТӨК-иудын алдагдлын гол шалтгаануудыг харвал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлдэг. Алдагдалтай ажилладаг мөртлөө их хэмжээний үр дүнгийн урамшуулал олгодог. ТУЗ-ийн гишүүддээ урамшуулал тараадаг. Нийтлэг зөрчил нь ерөөсөө л худалдан авах ажиллагааны алдаа, үр дүнгүй төлөвлөлт, гүйцэтгэлтэй холбоотой гэж дүгнэгдсэн. Төрийн өмчид компаниудын нийт актив хөрөнгө 59 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 112 хувьтай тэнцсэн. Нийт эдийн засагт эзлэх төрийн өмчийн оролцоо ингэж тэлснээр улс төр, бизнесийн ашиг сонирхол цэвэр бизнес рүү биш төрийн өмчит компаниуд руу чиглсэн. Шилэн ажиллагааны хүрээнд анх удаа 71 байгууллагын ТУЗ-ийн 612 гишүүний нэрийг нээлттэй болгож байлаа. Гол асуудал нь улс төрийн нөлөөллөө ашиглаж ТУЗ-ийн гишүүнээр дамжуулан өөрийнхөө давуу байдлыг бий болгох гэсэн улстөрчдийн үйлдэлд дөрлүүлсэн ТӨК-иуд шийдлээ хүлээсээр л байна.