
Тайванийн сөрөг хүчний тэргүүн Чэн Ли-вун маргааш (2026.04.07) Хятад очно. Тэрээр Бээжинд байх хугацаандаа Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах боломжтой гэж мэдэгдлээ. Тэрээр энэ айлчлалаа “энхийн зорилготой” гэж тодорхойлсон бөгөөд Бээжин Тайванийн иргэдийг “нэгдэх”-ийг дэмжүүлэх оролдлогоо идэвхжүүлж буй үед уг айлчлал болж байна.
Чэн Ли-вун нь Тайванийн хамгийн том сөрөг хүчин болох Гоминдан намын дарга билээ. Хятад Тайваньд цэргийн дарамтаа нэмэгдүүлж буй, мөн сөрөг хүчин давамгайлсан парламент засгийн газрын батлан хамгаалахын 40 тэрбум ам.долларын нэмэлт төсвийг гацаасан нөхцөлд энэ айлчлал болж байгаа нь олон улсын анхаарлыг татаж буй.
Гоминдан болон эрх баригч Ардчилсан Дэвшилтэт нам айлчлалын өмнө сошиал сүлжээнд эсрэг мэдэгдэл хийжээ. Гоминдан “энх тайван бол хөгжил цэцэглэлтийн цорын ганц суурь, Тайванийн ирээдүйн найдвар” хэмээн залуусын амар тайван дүрслэл бүхий бичлэг нийтэлсэн бол Ардчилсан Дэвшилтэт нам “Гоминдан Хятадын коммунистуудын төлөвлөгөөнд хамтран Тайванийн батлан хамгаалах чадавхыг сулруулахыг оролдож байна” гэж буруутгасан байна.
Чэн өнгөрсөн сард гадаадын сэтгүүлчдэд “энх тайван зөвхөн батлан хамгаалах чадвараар бий болохгүй, улс төрийн хүчин чармайлт зайлшгүй хэрэгтэй” гэж мэдэгдсэн.
Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас нэг сарын өмнө Хятадад айлчилж байна.
Хоёр тал хөдөө аж ахуй, нисэх онгоцны сэлбэгийн худалдааны талаар эерэг тохиролцоонд хүрч магадгүй ч Тайванийн асуудал зэрэг маргаантай сэдвүүдийг хэлэлцэхэд ахиц гарах магадлал бага гэж үзэж байна.
Хоёрдугаар сард болсон утасны ярианд Ши Жиньпин Трампт “АНУ Тайваньд зэвсэг худалдах асуудлыг болгоомжтой авч үзэх ёстой” гэж анхааруулсан байна. Энэ нь Гоминданы удирдагчийн сүүлийн 10 жилийн хугацаанд хийж буй анхны Хятад дахь айлчлал бөгөөд Ши Жиньпин Чэнтэй уулзах эсэхийг Хятадын тал хараахан батлаагүй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Тайванийн Хятадын бодлогыг хариуцдаг байгууллага Чэнд Хятадад цэргийн дарамтаа зогсоож, Тайванийн ард түмний ирээдүйгээ өөрсдөө шийдэх эрхийг хүндэтгэхийг уриалахыг зөвлөжээ.
Хятадын “нэгдлийн” бодлого
Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд хүч хэрэглэхийг бүрэн үгүйсгээгүй ч “энхийн нэгдэл”-ийг илүүд үздэг гэж мэдэгддэг. Сүүлийн үед Тайванийн иргэдийг итгүүлэх зорилгоор эрчим хүчний аюулгүй байдал зэрэг ашиг тустай “зүйлс”-ийг онцлон сурталчилгаа хийж байгаа ч Тайванийн албаныхан үүнийг няцааж байна.
Саяхан Хятадын Зүүн бүсийн цэргийн командлал Тайвань Хятадтай нэгдсэн тохиолдолд ямар байхыг дүрсэлсэн зураг нийтэлжээ.
Тайваньд явуулсан санал асуулгууд Бээжингийн “нэг улс, хоёр систем” загварыг дэмжих дэмжлэг маш бага байгааг харуулдаг.
Чэн “одоогоор нэгдэх асуудлыг хэлэлцэх цаг болоогүй” гэж мэдэгдээд “хамгийн чухал нь Тайвань хоорондын энх тайван, тогтвортой харилцааг бий болгох” гэж онцолсон байна.