
Газын дайны үеэр амь үрэгдсэн таван настай палестин охин Хинд Ражабын асар том хөргийг Испанийн Барселона хотын далайн эрэг дээр дэлгэн үзүүлжээ. Хинд Ражаб охин Израилийн галын дор машинд олон цаг гацаж, Палестины эмч, аврагчдаас тусламж илгээхийг уйлан гуйж байжээ. Түүнтэй хамт явсан нагац эгч, авга ах болон гурван үеэл нь тухайн үед мөн амиа алдсан гэдэг.
Түүний тусламж гуйсан сүүлчийн гунигт дуу хоолойг өгүүлсэн “Хинд Ражабын дуу хоолой” нэртэй кино өнгөрсөн жил Венецийн кино наадмаас Мөнгөн арслан шагнал хүртсэн бөгөөд энэ жил Оскарын шагналд нэр дэвшээд байна.
2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн халдлагын дараах Израилийн цэргийн ажиллагааны үеэр Хинд машинд хавчигдан үлдэж, гар утсаар Палестины түргэн тусламжийн ажилтнууд руу удаа дараа залган тусламж гуйжээ. Түргэн тусламж эцэст нь ирсэн ч охин болон аврагчидтай харилцах холбоо тасарсан байна.
Үүнээс хойш 12 хоногийн дараа тухайн бүсээс охин, түүний төрөл садан болон хоёр түргэн тусламжийн ажилтны цогцсыг олжээ.
Барселонад хэдэн зуун хүн Хинд Ражабын нүүртэй, 55 метр урт хөшгийг Палестины том далбааны хамт барьж, “Газын хүүхдүүдийг чөлөөл” гэсэн уриаг дэлгэн үзүүлсэн байна.
“Газын хүүхдүүд өрөвдөх сэтгэл гуйгаагүй. Тэд амьд явах, айдасгүй унтах, тэсрэх бөмбөггүй орчинд тоглох, зүгээр л өсөж том болох эрхээ л хүсэж байна” хэмээн Хиндийн ээж, 29 настай Весам Хамада хэлж, олон улсын анхаарлыг Газын хүүхдүүдийн зовлон шаналалд хандуулахыг уриалжээ.
Хинд охины талаарх баримтат кинонд анхны тусламжийн ажилтны дүрийг бүтээсэн жүжигчин Сажа Килани далайн эргийн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцохдоо “Хинд Ражабын дуу хоолой машинд үлдээгүй, хил хязгаарыг даван тархсан” хэмээх хэлжээ.
Хинд болон түүний төрөл төрөгсдийн амиа алдсан явдлын талаар Израилийн арми уг хэрэг одоог хүртэл шалгагдаж байгаа гээд нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ. Израилийн зэвсэгт хүчин дайны үеэр энгийн иргэдийг санаатайгаар онилдоггүй, харин Хамасыг иргэдийг бамбай болгон ашиглаж байна гэж буруутгасаар ирсэн.
НҮБ Израиль–Хамасын хоёр жил үргэлжилсэн дайн дуусч, гал зогсоосноос хойш гурван сарын дараа ч Газ дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал “маш хүнд” хэвээр байна гэж мэдэгдсэн. Ялангуяа орон байр, хүнс, эрүүл мэнд зэрэг суурь үйлчилгээний хомсдлоос болж хүүхдүүд хамгийн ихээр хохирч байгааг тусламжийн байгууллагууд онцолжээ.