
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол Улсын иргэдийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа нь маш сайн үзүүлэлт. Амьдралын чанар сайжирсан гэсэн үг. Тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаа тул тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгаа. Өмнө нь гурван залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байсан бол одоо хоёр залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байна. 2050 он гэхэд энэ харьцаа 1:1 болохоор байгаа тул тэтгэврийн шинэчлэлийг хийхээс зайлшгүй. Олон жил шимтгэл төлсний үр шим хаана байгааг иргэд үргэлж асуусаар байдаг. Иймд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихүйц байдлаар тэтгэврийн тогтолцоог шинэчилнэ.
Одоогоор 10 хүний зургаа нь бага тэтгэвэр авдаг. Нийт тэтгэвэр авагчийн 57 хувь нь 796 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Жил бүр инфляцтай уялдуулан нэмж байна.
2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг 1.4 сая төгрөгийн цалингаас тооцож бодож байсан. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн зөрүү их байгаа. Дарга нь 2013 оноос өмнө 1.4 саяаас тэтгэврээ бодуулаад тэтгэвэрт гарч бага тэтгэвэр авч байхад доор нь ажиллаж байсан, бага цалин авдаг байсан хүн 2-3 жилийн дараа тэтгэвэрт дараад өөрөөс нь өндөр тэтгэвэр авч байгаа нь шударга бус. Тиймээс энэ зөрүүг арилгахын тулд 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгөөс цалингаа бодуулсан хүмүүсийн тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахиж бодож тооцно.
35 жил ажилласан бол тэтгэврийг цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувиар тооцдог болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг дэмжинэ. Мөн эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал жил тутамд дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. Жишээлбэл 57 насандаа тэтгэвэр гарах байснаа 60 нас хүртлээ ажиллана гэж сонговол тэтгэвэр нь 12 хувиар нэмэгдэнэ.
Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэсэн юм.
Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна гэж үзжээ. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.
-Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх,
-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох;
-Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох;
-Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.