
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанууд эхэллээ. Аймгуудын бөхийн дэвжээ, галууд сорилго барилдаанаа хийж байна. Мөн баярын наадмын өмнө болдог “Хүрээ цам-Даншиг” наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэллээ.
Аймгуудын галын сорилго барилдаан "Тэргүүн богд", “Их Монголын хүчтэн”, “Таванхан”, "Ховд", "Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээнээр эхэллээ. Өнөөдөр Хэнтий аймгийн “Хан Хэнтийн аварга” дэвжээний наадмын сорилго барилдаан Ар гүнтэд болно. Харин “Увс нуур” дэвжээний сорилго барилдаан долоодугаар сарын 4-нд болно.
Баянхонгор аймгийн "Тэргүүн богд" дэвжээний сорилго барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлж, аймгийн арслан Б.Түвшинтөгс үзүүрлэв. Мөн "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан Э.Баасанжав түрүүлж, улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн "Их Монголын Хүчтэн" дэвжээний сорилго барилдаанд улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэжээ. Ховд аймгийн "Ховд" дэвжээний сорилго барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэлээ.
Мөн Сэлэнгэ аймгийн "Таван хан" бөхийн дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүлж, аймгийн заан С.Оргилбаатар үзүүрлэжээ.