
Хараацай шувуудын жиргэх дуун хаврын улирлын тунгалаг гэгээг сануулам цагаан, цэнхэр өнгийн даавуу намирсан өрөөнд дуулдана. Тэнд моддын сүүдэр тусаж, хөшиг намиран хөдлөх тоолонд текстильтай хослуулсан зураасан зургууд амь орж байх шиг мэдрэгдэнэ. Гэвч гадаа зун болж байна. Харин шувуудын дууг олж сонсох нь ховор их хотын хурдтай хэмнэл дунд завгүй алхах хэн нэгэн ийнхүү уран бүтээлч Х.Сүрэнгийн “Үлдэх гэрэл” үзэсгэлэнг зорин очвол байгалийн чимээнд саатаж, тэдгээрийн цаанаас гэрэлтэх ямарваа нэгэн нандин өнгийг үзэж, ухамсартаа тайвширлыг мэдэрнэ. Гэхдээ энэ нь голын чимээ чагнаж, моддын сэрчигнээг сонсохоос илүүтэй өөр дотроосоо олох, гагцхүү тэр олз нь ямар нэгэн сайхан дурсамж, агшны амар амгаланг орлох чадах зүйл болохыг сэхээрэх аж.
Үзэсгэлэнд бүхэлдээ цагаан, цэнхэр, номин цэнхэр өнгө зонхилжээ. Энэ бол уран бүтээлчийн дөрөв дэх бие даасан үзэсгэлэн. Медиа арт болон текстиль арт, инсталляциас бүрдсэн нэгэн цул өгүүлэмжийг үзэгчдэд өгөх бүтээл гэдгээрээ онцлогтой. Мөн гэрлээр зурах арга, зураасан зургийн техникүүдийг ашигласнаас хамгийн сонирхолтой нь Японы уламжлалт “shibori” хэмээх техникийг ашиглажээ. Уг техникт индиго гэх байгалийн будгийг хэрэглэдэг агаад энэ нь ургамлаас гарган авдаг хөх өнгийн будаг юм. Учир нь индиго будаг бол ургамлыг хатааж, нутагласны хойно бүрэн боловсруулж, тодорхой аргаар исгэж бэлддэг бүтээгдэхүүн аж.

Ид шид шиг мэдрэмж
“Индиго өөрөө тун сонирхолтой л доо. Эхлээд даавуугаа будахад ногоон өнгөтэй байдаг. Харин хэдэн хормын хойно агаартай исэлдсэнээр тус өнгө нь цэнхэр болоод хувирчихдаг. Гол нь энэ үйл явц нь надад нэг тийм шидлэг мэдрэмж төрүүлдэг”.
Аливаа уран бүтээлч, өөрийн гэсэн аргачлал, техниктэй байдаг. Мэдээж уг техник нь дээр өгүүлсний адил япон уламжлал боловч Х.Сүрэнгийн бүтээлдээ сонгож авсан арга. Байгалийг байгалийнх нь өнгөөр зурах үйл явц амилсан шиг болно. Түүнээсээ өөртөө ид шид шиг мэдрэмжийг хоногшуулж чадсан учраас үзэсгэлэнг үзэх явцад магадгүй тэнгэрийн өнгөтэй хөшигнүүдийн намираа дунд нүдээ аниад нисэж эсвээс хөгжмийн тунгалаг чимээгээр дамжин зуны эхэн цагийн цэнгэг агаараар цээжээ дүүргэж, шувуудын зайд орших шиг санагдана.
“Бүх л зүйл маш хурдан хувьсаж, хөгжиж байгаа. Хүн бүр завгүй байна, бүгд л утсаа оролддог болсон. Тайван суух мөч бага санагддаг. Тиймээс хүмүүс хэсэг зуурч гэсэн энд сууж тайвшраасаа гэж бодсон. Энэ бол үзэсгэлэнгийн гол зорилго. Мөн өөрийн бичиж авсан хараацай шувууны саундыг оруулсан байгаа. Үзэсгэлэнд явж байгаа аялгууг хөгжмийн зохиолч З.Мөнх-Өлзий туурвисан. Мөнхүү эл аязад байгаа нэг pro sound нь аавын маань хуучин кассет дээр бичиж үлдээсэн бичлэгүүд доторх аав, ээж, эмээ, өвөө нарын хоорондын яриа юм л даа. Тэрхүү яриа нь өндөр өвөөгийн түүхийг ярьсан бичлэгүүд байсан”.
Ерөөс аливаа үндэстний бичигдэж үлдсэн түүх соёлоос гадна улс орон, соёл иргэншил дундах өөрийн биеэр туулсан амьдралын түүх бол хувь хүн бүрийн ой санамж билээ. Түүнгүйгээр хүний оршихуйд эрээвэр хураавар, сарнигч хүчин зүйлс илүүтэй давамгайлах болно. Харин ой санамж дундаас үүх түүхийнхээ үнэнийг, эсвэл бүр тэс өөр ертөнцийн тухай ч уудлан гаргах боломжтой хүчирхэг зүйл хүн төрөлхтөнд заяагдсан байдаг нь урлаг. Туулж буй цаг хугацааны эргэлтүүд дотроос ой санамжид огт мартагдахааргүй хадгалагдаж буусан хором мөч хүн бүрт бий. Тэр дундаа уран бүтээлчид амьдралд нь чухал нөлөөллийг бий болгосон агшин, амьдралд нь хөл тавьсан хүмүүсийн тухай дурсамжаар сэтгүүрдэн бүтээлээ туурвидаг нь цөөнгүй. Яг л тэр агшин, аавынх нь бичлэг болгож үлдээсэн дурсамжийн ой санамжийг хадгалсан хуурцагнаас Х.Сүрэн ч бас хожмын туурвилдаа үлдэх гэрэл болгон ашигласан нь тус үзэсгэлэнгийн үнэ цэнийг улам ч тодруулна.
Зарим уран бүтээлч дурсамжаа зүгээр л мартаж орхидог. Өөрт бодогдоод буйг нь тасчиж хаяхыг хичээдэг. Харин зарим нь өнгөрүүлсөн амьдралын дурсамждаа элгэмсэг хандах нь бий. Мэдээж дурсамжууд урлагийг бүтээдэггүй. Харин урлаг бүтэхэд томоохон түлхэц болдог.
Гэрлээр зурсан гэгээ
“Хараацайн бичлэгийн хувьд бол энэ шувуу нар жаргах үеэр нэлээд доогуур нисдэг. Халууны цагт дээгүүр салхи хайчилж эргэлддэг. Тэгэхээр энэ усан бичлэгүүд бол цэлмэг юм уу, эсвээс жаахан үүлэрхэг өдрүүдэд оройн нарны туяа бууж байгаа үеэр авсан. Тэгэхээр нэг тийм тогтуун оройн нар жаргах үеийн амгаланг мэдрүүлдэг”.
Энэ бол түүний бүтээлдээ сонгож авсан дүрийн цаадах бэлгэдэл, учир шалтгаан. Магадгүй эрх чөлөөтэй мэт дүүлэх тэр бяцхан шувуу байгалийн урлал дээр буухдаа хүнд амар тайвныг, нар жаргах агшны үзэсгэлэнд мэдрүүлдэх ч шиг бодогдоно. Харин тэрхүү агшнаас хөг эгшиг, шувуудын шулганааныг олж сонсохуй зүрхэнд үлдэх гэрэл бүхэн дурсамжийн гэгээ болж тусна. Тийм л гэрлээр зурсан гэгээг өөрт ойр авчихаар уг үзэсгэлэнг анхнаасаа зорьж, тэмүүлсэн шиг болов.
Харин техникийн хувьд “cynotype” буюу гэрлээр зурах техникийн XIX зууны үед гэрэл зургийг хэвлэхэд ашигладаг байжээ. Өрөөр хэлбэл, энэ нь гэрэл зургийн хэвлэх процесс агаад 1842 онд Сэр Жон Хершелийн зохион бүтээсэн хэт ягаан туяа ашиглан хөх, цэнхэр хэвлэмэл зураг гаргадаг байсан аж. Энэ нь цаас эсвэл даавууг төмрийн аммонийн цитрат ба калийн феррицианидын холимогоор бүрэх, дээр нь объект эсвэл негатив байрлуулах, 5-15 минутын турш нарны гэрэлд шарах, усаар зайлах зэргээр боловсруулдаг техник юм.
“Инженерүүд зургаа буулгах гэж гаргаж ирсэн текник л дээ. Туслахууддаа өгөхөөр буруу зурчихаад байдаг учраас хуулж хэвлэх машингүй учраас эл техникээр буулгадаг байсан. Тэгэхээр архивын зориулалтаар хэрэглэдэг гэж болно. Нэг ёсондоо энэ аргаар инженерүүдийн зураг, ургамлын зургийг архивладаг байсан. Тэндээс надад санаа төрсөн нь Монголын ургамлуудаар энэ техникийг ашиглаж юм хийвэл гоё юм байна даа гэж бодсон. Таван жилийн өмнө эл техникийг сураад хийж ирсэн. Мэдээж бар зургийн техниктэй адилхан. Бар зураг бол фото зураг, хэвлэлүүдийн эх гэж явдаг болохоор маш олон аргачлалд эх үндэс нь байдаг”.
Тэнгэр, ургамлын дундах аниргүй
Зэрвэсхэн харах төдийд даавуун дээгүүрх ургамал, адраас өлгөсөн урт цэнхэр хөшиг тунаран байх нь ургамал, тэнгэрийн завсар дахь аниргүй орчмыг улам тодруулна. Тэнгэрийн доор, ургамал өвсний цаана хараацай дүүлэн нисэлдэж, моддын навчис зэрвэс, зэрвэс үзэгдэнэ. Магадгүй хэн нэгэн цонхоор урсан өнгөрөх байгалийн сонсож, галт тэрэг дотор бодол хөврүүлж суугаа ч байж болох. Ийм ахуйд гэнэтхэн мөнөөх дүрсүүд үгүй болж цав цагаан орон зай л үлдэнэ. Тэр агшинд юутай учирч, үзэсгэлэнгийн танхим үлдсэн анир чимээгүй хэрхэн нүүр тулах нь зөвхөн үзэгчийн дотор л мэдрэгдэх агуулга учраас тайлбарлаж үл дөнгөнө. Харин үзэгч бүр өөрийнхөөрөө тайлах биз ээ. Тэгээд ч хүн бүр ганцхан хариулт бус олон асуулт үлдээдэг бүтээл л цагийн уртыг туулж, бусдын бодолд орон зай эзэлсээр байдаг шүү дээ.
Учир нь тэнгэр, ургамлын хоорондох тэр аниргүй цагаанд хувирах орон зайн мөчлөг бол уран бүтээлчийн хувийн орон зай, өөрийнх нь хүсэл тэмүүлэлтэй нарийн холбогдох төсөөллийн нэгэн ертөнц болов уу.
Ахиад л байгальтай харгалдах учир шалтгаан энд үүсэв. Ерөөс байгаль хийгээд дөрвөн улирлын ээлжид дөрөө мултлан аниргүйг мэдэрч, өнгө сүрийг нь өөртөө оршоох, догдол дүүрэн сэрэхүйгээс үүдсэн дотоод мэдрэмжээ зүйдэл нийлүүлэн зүүж шаглахаас илүү сайхан уран бүтээлч хүнд үгүй мэт сэтгэгдэнэ.