
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хоёр газар хээрийн түймэртэй байна.
Сүхбаатар сумын "Шинэ булаг" тавдугаар багийн “Баруун тариа" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газар өнөөдрийн 13:20 цагт хүлээн авчээ.
Мөн Сүхбаатар сумын дөрөвдүгээр баг "Ланз" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т, сумын төвөөс урд зүгт 22 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага 12:25 цагт иржээ.
Түймрийг унтраахаар Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг "Дөхөм" уурхайд урьдчилан сэргийлэх ажлаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Онцгой байдлын газраас 8 алба хаагч, 1 автомашинтай, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийн 5 ажилтан, 1 автомашинтай ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.