
Дэлхийн удирдагчид НҮБ-д жил бүр зохион байгуулдаг дипломат арга хэмжээнд цугларч байх зуур дэлхийн улс төрийн хамгийн нөлөө бүхий хоёр эрх мэдэлтэн пүрэв гарагт, өөр нэгэн газарт буюу Цагаан ордонд уулзана.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын удирдагч Ши Жиньпин нар энэ онд хоёр дахь удаагаа уулзаж, дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцааг тогтвортой байлгахыг зорихын зэрэгцээ дотоодын болон олон улсын олон асуудалтай нүүр тулж байна.
Энэхүү зэрэгцсэн дүр зураг НҮБ-ын өмнө оршин буй амин чухал нэгэн асуултыг тодотгож байгаа юм. Дэлхийн хоёр дайны гамшгийн дараа байгуулагдсан дэлхийн байгууллага өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна уу?
НҮБ-ын төлөөлөгчид “олон талт үзэл”-ийн талаар хэлэлцэж, дэлхийн улс орнуудын зөрчил мөргөлдөөний талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байх хооронд Трамп, Ши нар хиймэл оюун ухаан, худалдаа болон батлан хамгаалах асуудлаар ярилцана.
“Ерөнхий ассамблейн чуулган болж буй энэ долоо хоногт Ши Жиньпин Вашингтонд ирж байгаа ч Нью-Йорк руу очих шаардлагагүй гэж үзэж байгаа нь анхаарал татаж байна” гэж Олон улсын хямралын бүлгийн шинжээч Ричард Гован хэлжээ. “Олон хүн ‘Шийдвэр гаргалтын жинхэнэ төв нь хаана байна вэ?’ гэж асуух байх” гэх асуултыг тэрээр дэлхий нийтэд тавьсан юм.
Ши Жиньпин Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк руу тун ховор зорчдог.
НҮБ-ын үүргийн талаарх эдгээр асуулт шинэ зүйл биш ч тус байгууллага санхүүгийн хүнд асуудал, их гүрнүүдийн хоорондын зөрчил, Украинээс Ойрхи Дорнод хүртэлх мөргөлдөөнд үзүүлэх нөлөө, хязгаарлагдмал байдалтайгаа тэмцэж буй энэ үед шинжээчийн асуулт илүү хурцаар тавигдаж байна.
Өнгөрсөн онд Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш эдгээр асуудал улам чухал болсон. АНУ-ын ерөнхийлөгч НҮБ-ын олон арван агентлаг, байгууллагаас АНУ-ыг гаргаж, тус байгууллагад оруулах Вашингтоны төсвийн санхүүжилтийг эрс танасан нь НҮБ-ыг дампуурлын ирмэгт хүргэсэн.
Трамп мягмар гарагт хэлсэн үгэндээ НҮБ-ыг "Хэн ч сонгоогүй, дэлхийг дэмжигч хүнд сурталтнуудын хэт зүүний үзэл баримтлалыг тулгаж байна” хэмээн буруутгасан.

НҮБ-ийн хүндрэл гүнзгийрсээр
НҮБ төсвийн байнгын дутагдалтай тулгарч буйн улмаас 2026 онд Нарийн бичгийн даргын газрын төсвийг 9.2 хувиар танахаас өөр аргагүй болжээ. Мөн олон мянган ажилтнаа цомхотгож, энхийг сахиулагчдыг эх оронд нь буцаан, хүмүүнлэгийн болон хүний эрхийн үйл ажиллагаагаа танасан байна.
Олон жилийн турш НҮБ-д төлөх төлбөрийнхөө ихээхэн хэсгийг төлөөгүй ирсэн АНУ энэ асуудлын нэг хэсэг юм.
Трампын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ээлжит төсөвт 725 сая ам.доллар төлж, Ерөнхий ассамблей дахь санал өгөх эрхээ хадгалсан ч ээлжит төсөвт 1.3 тэрбум ам.доллар, энхийг сахиулах ажиллагааны зардалд 2.9 тэрбум ам.долларын өртэй хэвээр байгааг НҮБ мэдээлэв.
Гэхдээ тус байгууллагын асуудал зөвхөн мөнгөөр хязгаарлагдахгүй.
Хятад, Орос, АНУ зэрэг хориг тавих эрхтэй таван гишүүн улс багтдаг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд бодит ахицтай асуудлууд дээр тохиролцох нь ховор байдаг нь удаан хугацаанд гацаа үүсгэсээр ирсэн.
“Өнөөдөр НҮБ-д тулгарч буй хоёр гол сорилт бий. Эхнийх нь санхүүгийн нөхцөл байдал маш хүнд байгаа явдал” гэж НҮБ-ын албан тушаалтан асан Южин Чен хэлжээ. “Энэ нь хоёр дахь, илүү өргөн хүрээтэй сорилттой холбоотой. Дэлхий даяар өсөн нэмэгдэж буй сорилтуудын үед НҮБ ямар хэлбэртэй, ямар чиг үүрэгтэй байх ёстой талаар гишүүн орнууд цаашид санал нэгдэж чадахгүй болсон” гэдгийг тэрээр онцолсон байна.
Албан тушаалаасаа буух гэж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өнгөрсөн онд UN80 хэмээх шинэчлэлийн ажлын хэсгийг байгуулсан. Тус санаачилга нь зардлыг бууруулах, давхардлыг арилгах, Нью-Йорк болон Женевээс хямд өртөгтэй газрууд руу ажлын байрыг шилжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх зорилготой. Уг шинэчлэлд НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын орон тоог 21 хувиар бууруулах, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг болгосон 600 гаруй цуврал тайланг хянаж, 2026 онд тайлангийн нийт хэмжээг ойролцоогоор 700 мянган үгээр бууруулах зорилт багтжээ.
Трамп мягмар гарагт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн “өрөвдөлтэй хоёр нүүртнүүд”-ийг шүүмжилж, тэднийг “Америкийг дэлхийн хамгийн аюултай газруудаас ирсэн бүлэглэлүүд болон гэмт хэрэгтнүүдэд хилээ нээхийг хүсэж байна” хэмээн буруутгаж буйгаа илтгэлдээ багтаасан байлаа. Мөн ЮНЕСКО-г онцлон, “эдгээр глобалчлалыг дэмжигчид түүхэн дэх хамгийн агуу соёл, хамгийн гайхамшигтай өвүүдийг идэвхтэй устгаж байна” гэсэн.
НҮБ соёл, боловсролын асуудал эрхэлсэн ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг “томоохон төрөлжсөн байгууллагуудын зүгээс санал нэгтэй сайшаасан” гэж хамгаалсан бол Хүний эрхийн зөвлөл нь “дэлхий даяар хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж мэдэгдсэн юм.
Ши Жиньпин Трампын ширүүн өнгө аястай мэдэгдлүүдийг ашиглан, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд Хятадыг дэлхийн тавцан дахь найдвартай түнш хэмээн харуулахыг эрмэлзэж ирсэн. Тэрээр НҮБ-ыг энэ байр сууриа урагшлуулах талбар болгон ашиглаж байна.
1 000 уулзалт
НҮБ-ыг шүүмжилдэг бүх шүүмжлэлийн зэрэгцээ тус байгууллагын жил бүрийн чуулган нь өргөн хүрээний дипломат харилцаа өрнүүлэх талбар хэвээр байгааг дурдууштай. НҮБ-ын мэдээлснээр энэ долоо хоногт гишүүн орнууд хоёр талын 1 000 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи болон АНУ-ын төлөөлөгчид Стив Уиткофф, Жаред Кушнер нар мягмар гарагт чуулганы хажуугаар зуучлагчдаар дамжуулан харилцсан. Энэ нь долдугаар сард түр гал зогсоох хэлэлцээр нуран унаснаас хойших хоёр талын анхны харилцаа боллоо.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас НҮБ ач холбогдлоо хадгалсаар байгаа гэж сэтгүүлчдэд хэлсэн ч “мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, зогсоох асуудал дээр сааталд орсон” гэж шүүмжлэв.
Украины удирдагч Володимир Зеленський НҮБ-ын чуулганыг ашиглан Трамптай Орос улстай хийж буй дайныг зогсоох асуудлаар, тэр дундаа эрчим хүчний байгууламжуудыг бай болгохыг зогсоох боломжит гал зогсоох хэлэлцээрийн талаар хэлэлцсэн гэв.
Нэгэн сэтгүүлч Зеленськийгээс НҮБ-д олон жил уулзалт хийсэн нь ямар нэгэн бодит үр дүн авчирсан эсэхийг асуухад тэр англиар “Өнөөдөр энэ хурал биднийг уулзахад тусалж байна. Хангалттай биш байж болох ч ямар нэгэн зүйл мөн” гэж хариулжээ.