
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Европын Холбооны 21 гишүүн орноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж, парламентын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, кибер аюулгүй байдал зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Хүн намын зөвлөлийн гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов.
УИХ-ын дарга С.Бямбацогт “Сайн парламент”-ыг цогцлоох зорилтын хүрээнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн итгэлцлийг сэргээхэд анхаарч ажиллаж буйгаа танилцууллаа. Мөн Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын парламентын туршлагыг судалж, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг илүү нягт хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод буй илт худал мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр Европын Холбоо идэвхтэй ажиллаж байгааг онцолж, энэ чиглэлд туршлага судалж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлжээ.
Мөн Европын Холбооны улс орнуудад 65 мянга орчим монгол иргэн сурч, ажиллаж, амьдарч байгааг дурдаад визийн нөхцөлийг хөнгөвчлөх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжих шаардлагатайг онцолсон байна.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните ирэх жилийн сонгуультай холбоотойгоор худал мэдээлэл тараах болон кибер халдлагын эрсдэлээс хамгаалах хүрээнд хамтран ажиллаж буйгаа дурдав. Тэрээр мөн Ойн тухай хуулийн төсөл, цөлжилттэй тэмцэх асуудалд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, олон улсын арбитрыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо.