
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён хамгийн том худалдааны түнш улстай хурцадсан харилцааг зөөлрүүлж, дахин эхлүүлэх зорилгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байна.
Өнөөдөр болох уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал болон Бээжингийн зүгээс албан бусаар хэрэгжүүлж буй Солонгосын поп соёлд (K-pop, к-драм) тавьсан хориг зэрэг асуудлууд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Ши Жиньпин Өмнөд Солонгост айлчилснаас хойш хоёр дахь дээд хэмжээний уулзалт юм. Хятад улс эдийн засгийн хувьд маш чухал түнш учраас бүс нутгийн улс төрийн хурцадмал нөхцөлд Бээжин худалдаа, эдийн засгийн харилцааг “зэвсэг” болгон ашиглахгүй гэдэг баталгааг И Жэ Мён авахыг хүсэж байна гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт Хятад, Япон хоёр Тайванийн талаарх Бээжингийн нэхэмжлэлтэй холбоотойгоор дипломат маргаанд оролцож байгаа нь бүс нутгийн гол тоглогчдын нэг болох Сөүлд таагүй байдал үүсгээд байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи парламент дээр Хятад Тайваньд халдсан тохиолдолд Япон өөрийн өөрийгөө хамгаалах хүчнийг ашиглаж магадгүй гэж мэдэгдсэний дараа Бээжин Токиогийн эсрэг мэдэгдлээ эрс чангаруулсан. Ийм нөхцөлд Бээжинд айлчилж байгаа нь Ли Жэ Мёны хувьд чухал алхам юм. Японтой адил Өмнөд Солонгос ч мөн Тайванийг дэмждэг, зэвсгээр хангадаг АНУ-ын холбоотон билээ.
Ням гарагт буюу өчигдөр Бээжинд ирсэн И өнөөдөр Ши Жиньпиний зохион байгуулах хүндэтгэлийн зоогт оролцоно. Үүний дараа Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, парламентын дарга Жао Лэжитэй уулзаад Шанхай хот руу нисэх юм. Бээжинд амьдарч буй солонгос иргэдтэй уулзах үеэрээ Ли “энэ айлчлал Солонгос–Хятадын харилцаанд үүссэн зөрчлийг нөхөж, хэвийн байдалд оруулж, шинэ шатанд гаргах эхлэл болно” гэжээ.
Энэ нь 2019 оноос хойшхи Өмнөд Солонгосын төрийн тэргүүний Хятад дахь анхны айлчлал юм. Харилцаа Игийн өмнөх, импичментэд унасан Ерөнхийлөгч Юн Сок Ёлын үед муудсан бөгөөд тэрээр Хятадыг хатуу шүүмжилдэг байсан. Нөгөө талаас, Ши Жиньпин Итэй уулзахыг эрмэлзэж буй нь бүс нутагт холбоотон олох шаардлага үүссэнтэй холбоотой гэж Ёнгины их сургуулийн Хятад судлалын профессор Пак Сын Чан BBC-д ярьжээ. “Хятад шууд хэлэхгүй байж магадгүй, гэхдээ тэдний шаардлага тодорхой. Хятадын талд орж, Японыг буруутга” гэж тэр хэлсэн байна. Бээжин XX зуунд Японы эсрэг хамт тэмцэж байсан хоёр орны түүхийг идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд Ли Шанхайд Японы колоничлолоос Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн зүтгэлтнүүдэд зориулсан дурсгалын арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.
Өмнөд Солонгос Хятадад “өндөр хүндэтгэл үзүүлсээр байгаа” ч Япон болон Хятадтай хоёулантай нь харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байна гэж Пак нэмж хэлэв. Сөүл олон жилийн турш Бээжин, Токио хоёрын хооронд дипломат эмзэг байдалтай байсаар ирсэн. И энэ сарын сүүлээр Японд айлчилж, Ерөнхий сайд Такаичитэй уулзахаар төлөвлөж байгаа аж.
Мөн баасан гарагт Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Ви Сон Лак “Өмнөд Солонгос ‘Нэг Хятад’-ын бодлогыг хүндэтгэдэг” гэж мэдэгдсэн нь Бээжинг Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрдөг гэсэн үг юм. Солонгосын хойгийн аюулгүй байдал ч мөн Хятадтай хийх хэлэлцээний гол сэдэв байх болно гэж Ви сэтгүүлчдэд хэлжээ. И Умард Солонгостой дипломат аргаар харилцахыг хичээж байгаа ч одоогоор ахиц гараагүй байна. Түүнд Ким Жон Уныг цөмийн зэвсгээс татгалзахад шахалт үзүүлэхэд Хятадын хамтын ажиллагаа хэрэгтэй. Оросыг эс тооцвол Бээжин бол Умард Солонгосын хамгийн том эдийн засаг, дипломат дэмжигч юм. “Хятад бол Солонгосын хойгт энх тайван, нэгдэлд хүрэхэд маш чухал хамтын ажиллагааны түнш” гэж И Бээжинд болсон уулзалтын үеэр хэлсэн байна.
И Хятадыг Умард Солонгосын асуудлаар хэр их шахаж чадах нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн есдүгээр сард Ши Жиньпин Пёньянтай “уламжлалт найрамдлыг” бэхжүүлнэ гэж амласан юм. Түүнчлэн Сөүл, Бээжин хоёр “байгалийн” холбоотон биш. АНУ-ын цэргүүд Умард Солонгосын халдлагаас сэргийлэх зорилгоор олон арван жилийн турш Өмнөд Солонгост байрласан бөгөөд өнгөрсөн жил хоёр улс цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон нь Хятадын зүгээс анхааруулга дагуулсан. Өөр нэг эмзэг асуудал бол Хятадын зүгээс Өмнөд Солонгосын дуу хөгжим, драмд албан бусаар тавьсан хориг юм. Сүүлийн арваад жил K-pop, K-драмууд Хятадын платформ дээр байхгүй эсвэл үзэхэд маш хүндрэлтэй болсон. Хятад улс ийм хориг байдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй ч 2016 онд Өмнөд Солонгос АНУ-ын пуужингаас хамгаалах системийг байрлуулсан шийдвэрийн эсрэг эсэргүүцэл гэж олон нийт үздэг. Бээжин уг системийг бүс нутгийн цэргийн ажиллагаанд заналхийлэл гэж хардаг. Эдгээр хязгаарлалтыг цуцлуулах нь Игийн хэлэлцээний гол зорилгын нэг гэж үзэж байна. Хятад бол дэлхий даяар амжилтад хүрсэн Солонгосын энтертайнментын хувьд асар том зах зээл юм. Мөн И Хоёр улсын хоорондох далайн бүсэд Хятад барьж буй далайн байгууламжуудыг зогсоохыг эрмэлзэж байна. Бээжин тэднийг загас үржүүлгийн байгууламж гэж тайлбарладаг ч Сөүлд аюулгүй байдлын ноцтой түгшүүр төрүүлээд байгаа юм.