
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг засгийн газраас УИХ-д өргөн бариад буй.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2021 оны аравдугаар сарын 21-нд ижил нэртэй төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцэлгүй өнөөг хүрсэн. Харин одоогийн Засгийн газар хуулийн төслийг дахин боловсруулж өргөн барьсан нь энэ.
Ажилтан, ажил олгогч нийлээд сар бүр цалингийхаа 17 хувийг тэтгэврийн даатгалын санд төлдөг ч хуримтлал биш хэн нэгний тэтгэвэр, тэтгэмжид хуваарилагддаг. Эв санааны зарчим буюу нэг нь нийтийн төлөө гэх зарчмаар хэрэгждэг энэ тогтолцоо нь нийгмийн даатгал “татвар” мэт адлагдах, насаараа шимтгэл төлсөн нэгнийг гавьяаны амралтад гарахад нь ядуу амьдрах нөхцөлд хүргэдэг. Иймээс ч тэтгэвэр нэмэхийг үеийн үед ахмадууд хүсэн хүлээж, улстөрчид сонгууль бүрийнхээ гол пиар болгох нь бий. Дэлхийн улс орнууд тэтгэврийн олон шатлалт тогтолцоог бий болгож, иргэддээ сонголт өгөх замаар энэ гажуудлыг зассан бол манайд хууль эрх зүйн орчин өнгөрсөн 30 гаруй жилд бүрдэж чадсангүй.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
Энэ хуулийг яриад бараг 10 жил болж байна. Одоогийн УИХ-ын даргын санаачилгаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн анхны хувилбар 2021 онд гарч, УИХ-д өргөн баригдсан байдаг. Түүнээс хойш 2023 оны Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд батлагдах байсан ч хойшлогдсон. Нэгдүгээрт, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг баталж, тэтгэврийн тогтолцоонд шинэ бүтцийг оруулж ирэх нь маш чухал байна. Хоёрдугаарт, одоогийн хуулийн гол үзэл санаа нь хувийн нэмэлт тэтгэврийн даатгал буюу тэтгэврийн тогтолцоо өөрөө юунд зорьдог вэ гэдгийг анхаарч, бодлогод тусгаж өгөх ёстой. Процессын хувьд тодорхой заалтууд хуулийн төсөлд байна. Эхний ээлжид өнөөдрийн тэтгэврийн тогтолцооны алдаа, оноог зөв тодорхойлж, реформ хийгдсэнээр нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой гэдгийг ерөнхий цогц байдлаар харах нь зүй.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1952 онд батлан гаргасан Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 102 дугаар конвенцод зааснаар өндөр насны тэтгэвэр бодох хувь, доод хэмжээг дундаж цалингийн 40 хувиас багагүй байх ёстой гэж заасан байдаг. Харин манай улсад энэ үзүүлэлт 30 гаруй хувьтай байна. Тодруулбал 2025 оны байдлаар улсын хэмжээнд дундаж цалин 2.8 сая төгрөг байсан бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 572.4 мянган төгрөг гээд дундаж тэтгэврийн хэмжээ 850 мянган төгрөг байв.
Нийгмийн даатгал нь ажиллаж, мөнгө олох боломжтой үедээ хуримтлал үүсгэх замаар өндөр настай болохоороо ашиглах, хуримтлалаа үүсгэх зориулалттай ч манайд ингэж хэрэгждэггүй. Орлогоороо зардлаа нөхдөг хуваарилалтын тогтолцоотой. Нийгмийн даатгал төлдөг 10 хүнд ногдох тэтгэвэр авагчийн тоо 2020 онд дөрөв, 2024 онд тав байсан бол 2030 онд энэ харьцаа долоо болж нэмэгдэх тооцоолол бий. Нэг талаар тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар бий болгох бол нөгөө талд зардлаа дааж хүчрэхгүй байгаа төсвийн ачааллыг бууруулах түлхэц юм.
2024 оны байдлаар нийгмийн даатгалын сангаас 509.1 мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 81.4 хувь нь өндөр насны тэтгэвэр авч байна.
Эдгээр хүмүүсийн тэтгэвэрт жилдээ 3.8 их наяд төгрөг олгожээ. Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж 2024 оноос эхлэн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүр нэмэгдүүлж байгаа. Үүнээс гадна шимтгэлд суурилсан нийгмийн даатгалын тогтолцоо бүрдэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэд, цэргийн алба хаагчдын тэтгэвэр болон зарим иргэний тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцдаг байжээ. Эдгээр зардалд болон тэтгэврийн санд улсын төсвөөс 2022 онд 840 тэрбум төгрөг, 2023 онд 760 тэрбум төгрөг, 2024 онд 1.2 их наяд төгрөг олгосон бол өнгөрсөн онд 1.5 их наяд төгрөгт хүрчээ. Улмаар 2030 онд 3.7 их наяд, 2035 онд 5.7 их наяд төгрөгт хүрэх тооцоо гарсан байна. Энэ мэт тоо баримтууд тэтгэврийн шинэчлэл, олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог бий болгох шаардлага зүй ёсоор тулгарсныг харуулна.
ГБХНХ-ын дэд сайд асан Б.Солонгоо
Юуны өмнө бидний хувьд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Үүний дараа Хувийн тэтгэврийн тогтолцоог зөв хэрэгжүүлэх асуудал хөндөгдөнө. Ирээдүйд тэтгэвэр авах хүмүүс олон эх үүсвэрээс орлого авах боломж бүрдүүлэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч энэ хуулийн төсөл чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна. Хувийн нэмэлт тэтгэврийг сан үүсгэхийн тулд тавигдах шаардлага, зохицуулалт, хөрөнгийн удирдлага, түүний хэрэгжилт, даатгуулагчийн эрх ашиг, хуримтлалаасаа даатгуулагч хэзээ, ямар тохиолдолд мөнгө авах боломжтой вэ зэрэг дэлгэрэнгүй зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
Дэлхийд олон тулгуурт, хуримтлагддаг, өвлүүлдэг, татварын хөнгөлөлттэй, засаглал сайтай, өгөөжөөр өсдөг, хууль, эрх зүйн нарийн зохицуулалттай тэтгэврийн тогтолцоог шилдэг гэж үнэлдэг. 2024 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуулиар хагас хуримтлалын тогтолцоонд шилжих зэрэг тодорхой дэвшил гарсан ч Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хуулийг батлах замаар бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихгүйгээр өндөр настны ирээдүйн баталгаа бүрэн хангагдахгүй.
Хуулийн төсөл
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь 11 бүлэгтэй. Төсөлд хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ.
Төслийн үзэл баримтлал ба зарчим
- Нийгмийн даатгалд даатгуулагч нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдана.
- Шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын зарчмаар хэрэгжинэ.
- Тэтгэврийн хуримтлал нь гишүүний өмч байх бөгөөд өвлөгдөх боломжтой байна.
- Төрөөс тусдаа хувийн менежменттэй, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай байна.
ГБХНХЯ, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл
Мэргэжлийн байгууллагуудын давхар хяналтаас гадна тухайн
нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт орсон даатгуулагч өөрөө сангийн үйл ажиллагаанд
хяналт тавих боломжтой. Ажил олгогчийн хөтөлбөрийн тухайд, нийт шимтгэлийн
50-иас доошгүй хувийг ажил олгогч, үлдэх хэсгийг ажилтан төлөх, Хувийн
тэтгэврийн сан нь гишүүн бүрд нэрийн данс нээж, шимтгэл болон баталгаат
өгөөжийг бүртгэж, цахимаар хянах боломжоор хангахыг заажээ. Мөн гадна
хуримтлалын Баталгаат өгөөжийг Монголбанкны бодлогын хүү, инфляцын түвшнийг
харгалзан жил бүр тогтоохоор төсөлд тусгасан байна. Сангийн үйл ажиллагаанд
санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, шаардлагатай бол үйл ажиллагааг нь
түдгэлзүүлэх зохицуулалт ч хуулийн төсөлд тусжээ. Үүсгэсэн хуримтлалаа хэрхэн
ашиглах боломжтой вэ гэдгийг ч тусгасан байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох
эрх үүссэн, Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, Гишүүн нас барсан тохиолдолд
өвлөгч, эрх залгамжлагчид шилжихээр зааснаас гадна 10-аас дээш жил хамрагдсан
гишүүн хуримтлалынхаа 30 хүртэл хувийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны
зориулалтаар нэг удаа гаргаж авах боломжтой байхаар төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлд хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөр, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр гэж хоёр бүтээгдэхүүн байхаар заасан. Хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэн болон ажилтан дангаараа нэмэлт тэтгэврийн даатгал төлөх боломжтой бол ажил олгогч ажилтантайгаа хамт нэмэлт тэтгэврийн даатгал төлөхөд нээлттэй. Шимтгэлийн хувь хэмжээг хуульд хатуу заагаагүй, харилцан тохиролцох боломжтой байхаар тусгажээ.
СЗХ-ны даатгалын газрын ахлах референт Н.Батцэцэг
Хувийн тэтгэврийн үйл ажиллагааг тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гэсэн хоёр этгээд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Урт хугацааны даатгагчийн хувьд байгаа байгаа бол эдгээр компаниас СЗХ-нд бүртгүүлсэн тэтгэврийн даатгалын хоёр бүтээгдэхүүн бий. Ер нь бол Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын эрхлэх үйл ажиллагааг тогтоож өгдөг бөгөөд урт хугацааны даатгагчийн хувьд зургаан үйл ажиллагаа эрхлэхээр тогтоосны нэг нь тэтгэврийн даатгал. Сүүлийн гурван жилд тэтгэврийн даатгал нь урт хугацааны даатгалын 16 хувь, нийт даатгалын гэрээний 35 хувийг эзэлж байна.
Одоо мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд даатгуулагч шимтгэл төлсөн жил, авч байсан цалин хөлстэйгөө уялдсан тэтгэвэр авах буюу нэг үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой. Хуулиар шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг албан журмын даатгуулагчийн хувьд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр, ажил олгогчийн хувьд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шимтгэл төлж байгаа. 2024 оны байдлаар 96.5 мянган даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс их хэмжээний цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой байжээ. Өндөр орлоготой иргэдийн зүгээс шимтгэл төлөх дээд хязгаараас давсан орлогоосоо нэмэлт шимтгэл төлөх замаар ирээдүйд авах тэтгэврийн хэмжээгээ өсгөх сонирхолтой байдаг ч эрх зүйн орчин бүрдээгүй. Өнөөдрийн байдлаар 135 мянга хүн урт хугацааны даатгалын болон хувийн тэтгэврийн санд хамрагдсан байгаа нь энэ эрэлт хэрэгцээг бэлхнээ харуулна. Гэхдээ Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн хэрэгжилтийг хангах, хүртээмжийг тэлэхийн тулд татварын хөшүүрэг чухал.
“Тэнгэр фанд менежмент” компанийн Гүйцэтгэх захирал Р.Дарханбаяр
Голомтын тэтгэврийн сан, Ардын тэтгэврийн сан гэдэг ч юм уу хувийн хэвшлийн үүсгэсэн хуримтлалын сангууд тухайн ажилтан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсний дараах орлогоосоо хуримтлал үүсгэх боломжийг олгодог. Яг үүн шиг зохицуулалт хуулийн төсөлд туссан. Тэгэхээр би хувиараа хувийн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах, эсвэл хувийн тэтгэврийн санд хөрөнгө оруулах ялгаагүй байхаар байна. Харин ч хувийн тэтгэврийн санд хөрөнгө оруулснаар илүү урт хугацаанд, хатуу нөхцөлтэй мөнгөө байршуулж, эргүүлж авахын тулд олон бичиг баримт бүрдүүлэх, хүндрэлтэй нүүр тулахаар байна. Иймээс хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх дэмжлэг хуульд чухал. Тухайлбал хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэж байгаа хөрөнгө оруулалтаас нь ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл тооцохгүй байх нь давуу тал үүсгэнэ гэж харж байна.
Тэтгэврийн сан баялгийн хуваарилалтын төгс механизм болдог бөгөөд хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг. Хөрөнгийн зах зээлийг тэлэх, нөгөө талд даатгуулагчийг олон эх үүсвэрээс орлого олох боломжийг нээх Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиа яаралтай баталж, олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болох эхний алхам УИХ-ын хаврын чуулганы гол хүлээлт боллоо.