
Майк Тайсон нэгэнтээ “Сошиал медиа хүмүүсийг бусдыг хүндлэхгүйгээр харьцахад хэтэрхий тухтай орчин бий болгосон. хүмүүс энд бусдыг хүндлээгүйнхээ төлөө нүүрэндээ цохиулдаггүй” гэж хэлсэн байдаг.
Үнэндээ ямар ч хүн сэтгэгдэл хэсэгт бичсэн шигээ үгсийг тухайн хүнийхээ нүүр рүү харж байгаад хэлж зүрхлэхгүй л болов уу. Ямар ч постны дор сөрөг сэтгэгдэл бичдэг хүмүүс өөрсдөө гүн гүнзгий уур, уцаар, эрх мэдэлгүй байдлыг мэдэрдэг бөгөөд энэ мэдрэмжээ бусдад сэтгэлзүйн хохирол учруулах байдлаар гаргадаг. Элдвээр харааж, үзэн ядсан сэтгэгдэл бичих нь тэдэнд дотроо хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлөө гаргах “суваг” болж, бусдын сайн сайхан байдлыг үл харгалзан өөрсдийн хяналт, давамгайллыг мэдрэх боломжийг нь бататгадаг гэж сэтгэл судлаачид үздэг байна.
Фэйсбүүк, Гүүгл, Твиттер (Одоогийн Х)-ийн зүгээс өөрсдийнх нь Герман дахь платформд бичигдсэн сөрөг комментуудыг 24 цагийн дотор устгах үүрэг хүлээх болсноо зарласан. Тухайн улсад ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр онлайн орчинд тэднийг үзэн ядсан, доромжилсон сэтгэгдлүүд ихээр бичигдэх болсон тул ийм арга хэмжээ авахаас аргагүй болсон аж. Германы Хууль зүйн сайд Хэйко Маас “Үг хэлэх эрх чөлөө хэмжээнээсээ хэтэрч, гэмт хэрэгт турхирах, уриалан дуудах агуулгатай болж, хүмүүст заналхийлж эхлэх үед ийм арга хэмжээ авах нь зөв” гэж мэдэгдэж байв.
Үргэлж “асаалттай” байдаг сошиал ертөнцийн далд өртгийг бид сэтгэлзүйн эрүүл мэндээрээ төлж буй. Дижитал технологийн төрөл бүрийн хэрэглээ болон сэтгэлзүйн стрессийн хоорондын хамаарлыг судалж, оролцогчдын стрессийг хэмжихэд өргөн хэрэглэгддэг, Perceived Stress Scale (PSS) буюу Хүлээн авсан стрессийн шатлал хэмээх батлагдсан хэмжүүрийг ашиглан хийгдсэн олон судалгаа байна. Судалгаануудаас хамгийн тод ялгаатай гарсан үр дүнгийн нэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стрессийн түвшний зөрүү. Сошиал хэрэглээнээс шалтгаалсан стресс эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү өндөр мэдрэгддэг аж. Нэмээд ахимаг насныхан болон ажил эрхэлдэг хүмүүсийн сошиал сүлжээнээс мэдэрсэн стрессийн түвшин бага байх хандлагатай бол өсвөр насанд сошиал сүлжээний хамаарал их байх тусам стрессийн түвшин нэмэгддэг холбоо хамаарал ажиглагдсан байдаг.
Сошиал сүлжээнд хэдэн ч насны, ямар ч хүйсийн хүнийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйл бол сөрөг сэтгэгдэл. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг Фэйсбүүк сүлжээний сөрөг сэтгэгдэл сэтгэлзүйд хэр нөлөөтэйг тандсан олон судалгаа байна. Experimental буюу туршилтын судалгаагаар сөрөг сэтгэгдлүүд сошиал платформууд дээр өндөр настай хүмүүсийн айдсыг нэмэгдүүлж, сэтгэл санааны байдлыг хүндрүүлдэг болох нь тогтоогдсон.
АНУ-ын Brown University-ийн судалгаа залуучуудын Фэйсбүүкээс авсан таагүй мэдрэмж (гадуурхалт, үзэн ядалт, ойлгомжгүй харилцаа, хүсээгүй холбоо гэх мэт) нь сэтгэл гутралд өртөх байдлыг нэмэгдүүлдэг болохыг харуулсан. Уг судалгаанд оролцогчдын 82 хувь нь фэйсбүүкээс таагүй мэдрэмж авсан гэж хариулсан бөгөөд ихэнх нь зураг, нийтлэлийнх нь доорх сөрөг сэтгэгдэл сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлдөг байсан гэдгийг дурджээ.
Судалгааны гол баримтууд
Сошиал орчин дахь сөрөг сэтгэгдэлтэй холбоотой газар газрын судлаачдын судалгааны дүнд хэд хэдэн нийтлэг байдал анзаарагджээ. Тухайлбал,
-Нүүр тулсан харилцааны үед байж болох нийгмийн хязгаарлалт алга болдог тул хүмүүс уураа барилгүй шууд гадагшлуулан сөрөг коммент бичих хандлагатай болдог;
-Зарим хүн бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хүсэлгүй, чадваргүй байдгаасаа үүдэн бусдыг доромжилдог, нэр төрийг нь гутаах зан төлөвтэй байдаг учир сөрөг сэтгэгдэл бичдэг;
-Хүний ёс суртахууны үнэлэмж, сэтгэл хөдлөл өөрчлөгдөх үед сөрөг сэтгэгдэл бичих хандлага нэмэгддэг;
-Тухайн платформын алгоритмаас шалтгаалан сөрөг мэдээлэл нэг үзсэн л бол цаашдаа сөрөг агуулгыг илүү их хүлээн авдаг. Фэйсбүүкийн алгоритм яг энд маш их нөлөөлдөг.
Frontiers in Psychology” сэтгүүлд 2020 он тун сонирхолтой нэгэн судалгаа хэвлэгдэж байжээ. Судлаачид нь сошиал орчинд үзэн ядсан сэтгэгдэл бичдэг хүмүүсийн сэтгэл зүйн шинж чанарыг шалгажээ.
Судалгаанд 94 хүн оролцсон бөгөөд 46 нь сөрөг, доромжлол агуулсан сэтгэгдэл бичсэн, 48 нь нейтрал сэтгэгдэл бичсэн хүмүүс байв. Уг судалгаанд оролцогчид Dark Triad (Хар гурвал гэгддэг: Machiavellianism, Narcissism, Psychopathy) ыг хэмжих тест, мөн амьдралын сэтгэл ханамж, атаархлын хэмжүүрүүдийг бөглөжээ.
Психопатийн шинж нь сошиалаар үзэн ядсан сэтгэгдэл бичсэн хүмүүст хамгийн их давтамжтайгаар илэрсэн.
Өөрөөр хэлбэл, психопатийн оноо өндөр гарсан бол онлайн үзэн ядсан сэтгэгдэл бичигч байх магадлалыг ихэсгэдэг гэж тогтоосон. Харин нарциссизм, махиявэллизм, атаархлын түвшин зэрэг шинж чанарууд нь хүчтэй холбоо харуулаагүй байна. Тэгэхээр тухайн үеийн сэтгэл санааны байдал, стресстэй байгаа эсэхээс үл хамааран хэн нэгний нийтлэл, зураг доор сөрөг сэтгэгдэл бичдэг нэгэн психопат шинжтэй буюу сэтгэлзүйн эмгэг, гэмтэлтэй байх магадлал өндөр гэсэн үг юм.
18-34 насныхан сөрөг сэтгэгдэл, тролл үйлдэлд илүү идэвхтэй байдаг гэдгийг судалгааны дүн харуулжээ. Шалтгаан нь энэ насныхан сошиал орчинд маш идэвхтэй, анхаарал татах, хариу реакц авах хүсэлтэй, мөн сөрөг сэтгэгдэл бичих нь тэдний стрессээ тайлах эсвэл нийгмийн статус нэмэх нэг онцгой арга байх боломжтой гэнэ. Харин нас ахих тусам хүмүүс сошиал үзэн ядалт зэрэг сөрөг үйлээ багасгадаг нь амьдралын туршлага, нийгмийн хариуцлага, стрессийн менежмент сайжирдагтай нь холбоотой аж. Эндээс харахад сөрөг сэтгэгдэл бичих нь сэтгэл хөдлөлийн хурцадмал байдал, өөрийгөө баталгаажуулах хэрэгцээтэй холбоотой гэдэг нь тодорхой болж байгаа юм.
Стресс, сөрөг сэтгэл хөдлөлтэй хүмүүс сөрөг сошиал контентыг илүү их үзэж, “оролцдог” байна.
Харамсалтай нь, тэд үүнийхээ дараа сэтгэл санаа нь улам доройтдог байна. Сөрөг сэтгэгдэл ба стресс, түгшүүрийн анализын судалгаанд 85 эмэгтэй, 43 эрэгтэй нийлсэн 128 хүн туршилтаар оролцжээ. Сөрөг сэтгэгдэл уншсан хүмүүс илүү өндөр түгшүүр мэдэрсэн байна. Нэмээд сөрөг сэтгэгдэл уншсан хүмүүс илүү таагүй сэтгэгдэл, муухай мэдрэмж авсан гэсэн үг.
Хүн сөрөг мэдрэмжтэй байвал → сөрөг сайтууд, мэдээлэл рүү илүү ханддаг → сөрөг мэдээллээсээ буцаж гарч ирэхдээ сэтгэл санаа, мэдрэмж нь бүр мууддаг → эргээд сөрөг зүйлээ хайдаг.
Энэ аймшигтай, төгсгөлгүй циклийг зөвхөн тухайн хүн өөрөө л ухамсартайгаар таслаж, сөрөг мэдээллээс татгалзах, стрессээ гадагшуулж буйгаа ч үл мэдэн сөрөг сэтгэгдэл бичих явдлаа зогсоохоос өөр аргагүй гэдгийг судалгааны дүгнэлтэд онцолжээ.