
Энэ удаагийн дугаартаа бид зохиолч, зураач Гүр.Нямдоржийн “Бэнсэн үлгэрч” номыг онцоллоо. Тэрээр Монголын уран зохиолд ховор төрсөн сэтгэгч, дүрийн шинэчлэл хийсэн туурвигч билээ. Түүний зохиолын дүрүүд цэвэр ариун, сайхан сэтгэлийг өвлөж төрснийхөө төлөөсөнд хэцүү бэрх тавиланг туулдаг. Энэ нь зохиолчийн амьдралтай зарим талаар харгалдана. Гэвч тэрхүү бэрх тавилангийн төгсгөл ямагт цөхрөлийн нулимстай бус цээжинд нар мандаасан хүсэл тэмүүлэл, цэлмэсэн итгэлээр дүүрэн байдаг.
Ийнхүү Гүр.Нямдоржийн уран бүтээлийн талаар түүнтэй нөхөрлөж, нэгэн цагт хамт ажиллаж явсан, зохиолчийнх нь хувьд анх дуугарч, бусдад таниулсан нэрт дуун хөрвүүлэгч, нийтлэлч, МУСГЗ Жигжидсүрэнгийн Нэргүйг урьж ярилцлаа.