
АНУ Израилийн Ираны эсрэг хийж буй дайн эхэлсэн хоёрдугаар сарын 28-наас хойш түүхий нефтийн үнэ 50 гаруй хувиар өссөн бол дэлхийн хэмжээнд онгоцны шатахууны үнэ хоёр дахин нэмэгдэв. Шатахууны үнийн өсөлт дэлхийн агаарын тээврийн салбарт хүчтэй доргилт үүсгэн, авиа компаниуд тийзний үнээ нэмэх, санхүүгийн төлвөө шинэчлэхээс аргагүй байдалд оржээ.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар онгоцны шатахууны үнэ баррель тутамд 85–90 ам.доллараас 150–200 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь үйл ажиллагааны зардлын ойролцоогоор дөрөвний нэгийг эзэлдэг агаарын тээврийн салбарт томоохон дарамт болж буй нь ойлгомжтой.
Одоо үүсээд буй дайны нөхцөл нь зөвхөн онгоцны шатахууны үнэд нөлөөлөөд зогсохгүй нислэгийн маршрут өөрчлөгдөх, нислэгийн тоо цөөрөхөд ч мөн нөлөөлнө. Агаарын тээврийн компаниуд алдагдлаа тэнцвэржүүлэхийн тулд зарим нислэгийг цуцлах, нислэгийн тоогоо цөөлөх, шатахууны нэмэлт төлбөр нэмэх зэрэг олон арга хэмжээ авдаг ч энэ удаад дээр дурдсан бүх арга хэмжээг цогцоор нь авч эхэлсэн нь байдал хэр ноцтой байгааг харуулж байна.
Хоёрдугаар сарын 28-наас хойш дэлхий даяар ойролцоогоор 70 000 нислэг цуцлагдсан бөгөөд азиас европ руу хийх захиалга 4,4 хувиар буурчээ. Нөгөө талд ази-номхон далайн орнуудаас европын чиглэлийн нислэгийн тийз өнгөрсөн оноос дунджаар 70 орчим хувиар өссөн байна. мөн европоос азийг чиглэсэн нислэгийн тийз 79 хүртэл хувиар өсчээ.
Тийзний үнэ огцом хугацаанд өссөн ч буурах хүртэл хэр хугацаа шаардагдахыг тодорхой хэлэх боломжгүй байна. Alton Aviation Consultancy-ийн шинжээч Брайн Терригийн хэлснээр АНУ Израилийн Ираны эсрэг дайн дууссан ч нислэгийн тийзний үнэ буурах хүртэл зах зээлд нөлөөлөх хугацаа багадаа 3 сар байх аж. Учир нь урт маршртутын нислэгүүд, нислэгийн тоог багасгасан зохицуулалт, шатахууны зардлын өсөлтийн нөлөө буурах хүртэл тийзний үнэ “хэвэндээ” орохгүй гэнэ. Энэ зун, намрын аялал жуулчлалын төлөвлөгөө тийзний үнэтэй уялдан ихээхэн өөрчлөгдөх бололтой.
Манай улсын хувьд дотоодын 5, гадаадын 18 авиа компани нислэг үйлдэж байна. Гадаадын нислэгийн компаниудын ихэнх нь БНСУ, ОХУ, БНХАУ-аас ирдэг бөгөөд 2026 онд Турк, Тайландын агаарын тээвэрлэгч компаниуд нийт 10 116 нислэгийг 22 чиглэлд үйлдэхээр төлөвлөжээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас танилцуулсан нислэг, зорчигч урсгалын статистик тайлангаас харахад 2025 оны эхний есөн сард нийт 1.91 сая зорчигч, үүнээс 1.58 сая нь олон улсын, 333 мянга нь дотоодын зорчигч байжээ. Сөүл, Бээжин, Токио, Истанбул, Хонконг чиглэлд зорчигчийн урсгал тэргүүлжээ. Тодруулбал, Сөүл–Инчеон чиглэлд 519 мянга, Бээжин–Капиталд 211 мянга, Токио–Наритад 128 мянга зорчигч зорчсон байна.
Харамсалтай нь онгоцны шатахууны үнийн өсөлттэй холбоотой тийзний үнийн нэмэгдэл манай агаарын тээврийн салбарт ч бас нөлөөлөх нь тодорхой. Эхнээсээ тийзний үнэ өнөөдөр (2026.04.01)-өөс нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан мэдэгдлээ олон нийтийн сүлжээгээр нийтлээд эхэлжээ.

Өмнөд Солонгос
БНСУ-ын үндэсний агаарын тээврийн Korean Air тийзний үнийн огцом өсөлтийг саармагжуулах зорилгоор “Онцгой удирдлагын горим”-д шилжиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ төрлийн арга хэмжээг агаарын тээврийн салбарт Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлж байсан.
Korean Air компани 4-р сараас эхлэн гаргасан тасалбарууд дээр шатахууны нэмэлт хураамжаа огцом нэмэгдүүлсэн бөгөөд хамгийн урт чиглэлүүд болох 6500 милиэс дээш зайтай нислэгүүд (үүнд Инчон–Нью-Йорк, Торонто чиглэл багтана)-ийн нэг талын хураамж 3 дахин нэмэгдэж, 3-р сард 99 900 вон байсан бол 303 000 вон болж өсжээ. Энэ нь зорчигч бүрд хоёр талын тасалбар дээр нэмэлт 400 000 воны зардал үүсгэнэ гэсэн үг юм. Харин дөрвөн хүнтэй гэр бүлд энэ нь нийтдээ 1.6 сая вон хүртэл нэмэлт ачаалал болох юм.

Европын ихэнх чиглэлүүд болох Лондон, Парис, Франкфурт руу нисэхэд шатахууны хураамж 79 500 воноос 276 000 вон хүртэл өсөх бол, бүр богино буюу 499 милиэс бага зайтай чиглэлүүд болох Японы Фукуока, Хятадын Чиндао руу нислэгийн хураамж 13 500 воноос 42 000 вон болж нэмэгдэнэ.
Korean Air шатахууны хураамжаа сар бүр шинэчилдэг бөгөөд энэ нь нефтийн үнэ өсөхөд авиа компаниудын алдагдлыг нөхөх зорилготой нэмэлт төлбөр юм. Шатахуун нь нийт тийзний үнийн ойролцоогоор 30 хувийг эзэлдэг аж. Солонгосын авиа компаниудын шатахууны хураамжийн өсөлт нь гадаадын агаарын тээвэрлэгчдээс илүү огцом байгаа нь тус улс Ойрхи Дорнодын газрын тосноос ихээхэн хамааралтайтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Asiana Airlines мөн 4-р сарын шатахууны хураамжийн хүрээг 43 900–251 900 вон болгон нэмэгдүүлсэн бөгөөд өмнө нь 14 600–78 600 вон байсан юм.
Америк доллараар хураамж авдаг хямд өртөгтэй авиа компаниуд ч мөн адил зардлаа огцом нэмэгдүүлсэн. Тухайлбал, Jeju Air компанийн хувьд хураамж нь 9–22 ам.доллараас 29–68 ам.доллар болж өсжээ.
Мөн компаниуд алдагдлаа бууруулахын тулд нислэгийн тоогоо цөөлөх магадлалтай бөгөөд зардлыг зорчигчдод шилжүүлэхэд улам хэцүү болно гэж үзжээ.
Эх газрын Хятад ба Хонконг
Дэлхийн хамгийн том нефть импортлогч Хятад улс эрчим хүчний үнийн хэлбэлзэлд эмзэг хэвээр байна.
China Eastern Airlines компани геополитикийн зөрчил, дайн нь энэ жилийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж анхааруулжээ. Ираны дайн эхэлснээс хойш Хятадын олон агаарын тээвэрлэгч шатахууны нэмэлт төлбөр (YQ) болон шатахууны үнийн эрсдлийн (YR) хураамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор нислэгийн тийзний үнэ нэмэгдэж байна. Мөн дотоодын үнийг тогтворжуулахын тулд нефть боловсруулах үйлдвэрүүдэд экспорт зогсоох чиглэл өгсөн талаар мэдээлжээ.
Хонконгод Cathay Pacific бүх нислэгт шатахууны нэмэлт хураамж нэмснээр тийзний үнэ огцом өссөн байна.
Hong Kong Airlines компани өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн шатахууны нэмэлт хураамжаа 35.2 хувь хүртэл нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Ялангуяа Хонконгоос Мальдив, Бангладеш, Балба чиглэлийн нислэгүүдэд хураамж хамгийн их өсч, 284 хонконг доллар байснаа 384 хонконг доллар (ойролцоогоор 49 ам.доллар) болж нэмэгдэв.
Япон
Япон улс нь олон улсын тээврийн төв бөгөөд онгоцны эд анги үйлдвэрлэлийн томоохон улс юм. All Nippon Airways дөрөв, тавдугаар сард шатахууны нэмэлт хураамжаа өсгөхгүй гэж мэдэгджээ.
Тус компани шатахууны үнийг урьдчилан тохиролцсны нөлөө одоогоор “хязгаарлагдмал” байна гэж тайлбарласан. Тус улсын хувьд тийзний үнэ харьцангуй тогтвортой ч өсөлт эхэлсэн төлөвтэй байна.
Japan Airlines шатахууны хомсдолтой холбоотой тодорхой арга хэмжээ хараахан аваагүй байна. Гэхдээ Ойрхи Дорнодын чиглэл хаагдсанаас шалтгаалан Европ руу чиглэсэн нислэгийн эрэлт нэмэгдэж, үнэ өссөн байна. Японы агаарын тээврийн компаниуд онгоцны шатахуунаа урьдчилан “hedging” хийдэг учир тодорхой хугацаанд тийзний үнээ тогтвортой байлгаж чаддаг. Гэхдээ нислэгийн тийзний үнэ өсөх нь цаг хугацааны асуудал бөгөөд АНУ Ираны дайн дуусах хугацаанаас шалтгаална.
Вьетнам
Вьетнам улс шатахууны нийлүүлэлт саатсанаас дөрөвдүгээр сараас хомсдол үүсэж болзошгүй хэмээн мэдэгдэж, Vietnam Airlines зарим дотоод нислэгээ цуцалсан байна. Вьетнамын үндэсний агаарын тээврийн компанийн үйл ажиллагааны зардал шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан ойролцоогоор 70 хувиар нэмэгдсэн тул онгоцны түлшний байгаль орчны татварыг цуцлах талаар Засгийн газраас дэмжлэг хүссэн байна.
Вьетнамын Иргэний нисэхийн ерөнхий газар (CAAV)-аас хийсэн шуурхай судалгаанд тус улс руу нислэг үйлддэг 40 орчим олон улсын болон бүс нутгийн авиа компани хамрагдсан бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь нь гуравдугаар сарын дундаас эхлэн шатахууны хураамж нэвтрүүлэх, нэмэгдүүлэх эсвэл тийзний үнийг өсгөх арга хэмжээ авч эхэлсэн эсвэл төлөвлөжээ.
Зүүн хойд Азийн бүс нутагт (Тайвань, Хятад, Япон, Өмнөд Солонгос) нэг тасалбарын үнэ 300 000 донгоос 3 сая донг хүртэл нэмэгдсэн байна. Харин Зүүн өмнөд болон Өмнөд Азийн бүсэд өсөлт харьцангуй бага байгаа бөгөөд нэг тасалбарын үнэ ойролцоогоор 130 000–1.6 сая донгоор нэмэгджээ.
Европ болон Хойд Америк руу чиглэсэн холын нислэгүүдийн хувьд шатахууны нэмэлт хураамж ихэвчлэн нэг тасалбарт 1 саяас 5 сая донгоос давж байгаа бөгөөд бизнес ангиллын суудалд үүнээс ч нэмэгдэж магадгүй гэнэ.
Ачаа тээврийн салбарт мөн зарим авиа компани шатахууны нэмэлт хураамж нэвтрүүлсэн бөгөөд тарифыг килограмм тутмаар тооцож байгаа аж.
Шатахууны хураамжийн энэхүү нэмэгдэл нь зардлын хэлбэлзлийг богино хугацаанд зохицуулах арга хэмжээ гэж үзэж байгаа ч ойрын хугацаанд нислэгийн тасалбар болон ачаа тээврийн зардлыг цаашид нэмэгдүүлэх хандлагатай байна.