
1926 оны сонгодог кино бүтээлийн камерын ардах түүхийг харуулсан ховор материалыг олны хүртээл болгоно.
Германы найруулагч Фридрих Вильгельм Мурнаугийн "Faust" кино нээлтээ хийсний 100 жилийн ойд зориулан уг бүтээлийн зураг авалтын түүхийг баримтжуулсан ховор зургийн цомгийг бүрэн эхээр нь хэвлэн гаргахаар болжээ.
“Faust Bible” хэмээн нэрлэгдсэн энэхүү дурсгалт материал нь ойролцоогоор 400 гэрэл зураг, зураглал, тайзны шийдэл, тусгай эффектийн схемийг агуулдаг. Киноны уран сайхны багийнхан анх зураг авалтын үеэр бүтээж, найруулагчид дурсгал болгон өгсөн уг цомог олон жилийн турш сураггүй байсны эцэст Францын "Cinémathèque française" байгууллагын цуглуулгад хадгалагдах болжээ.
Номыг аравдугаар сарын 17-нд "MUBI Editions" болон "Cinémathèque française" хамтран хэвлэх бөгөөд Парист "Faust" киног үзүүлэх тусгай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь кино судлаачид төдийгүй дүрслэх урлаг, тайз засал, кино зураг авалтын түүхийг сонирхогчдод үнэ цэнтэй эх сурвалж болох юм.