Дэлхийн дундаж температурын өсөлт уур амьсгалын өөрчлөлтийн
чухал босго болох 1.5 хэмийг (Фаренгейтийн 2.7 хэм) “хэдхэн жилийн дотор” давах
төлөвтэй байна гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) мэдээлэв. Ингэснээр цаг
агаарын эрс тэс үзэгдэл олширч, экосистем, мөсөн голууд болон далайн түвшин
нэмэгдэхэд эмзэг нам дор байрлах эрэг орчмын хотуудад үзүүлэх дарамт улам
нэмэгдэх юм.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр, дэлхийн
температурын өсөлтийг дахин 1.5 хэмээс доош түвшинд бууруулахын тулд хүлэмжийн
хийн ялгарлыг эрчимтэй бууруулахаас гадна агаар мандалд аль хэдийн
хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулах арга хэмжээ авах
шаардлагатай.
Засгийн газрууд 2015 оны Парисын хэлэлцээрээр цаг агаарын
эрс тэс үзэгдлийн нөлөөг хязгаарлахын тулд дэлхийн температурын өсөлтийг 1.5
хэмийн дотор барих үүрэг амлалт авсан юм.
Дэлхийн температур 1.5 хэмийн босгыг давж, улмаар тодорхой хугацаанд түүнээс өндөр хэвээр болсон тул улс орнууд температур 1.5 хэмээс дээш байх хугацааг аль болох богино байлгахад анхаарах шаардлагатай гэж UNEP тайландаа дурджээ.
“Хойшлуулсан жил бүр, 1.5 хэмээс давсан хэмийн нэг бүрийн өчүүхэн хэсэг ч эрсдэлийг нэмэгдүүлж, нөхөн сэргээх үйл явцыг улам хүндрүүлнэ. Температур хожим буурсан ч эргэж нөхөх боломжгүй хохирол гарах боломжтой” гэдгийг тайланд онцолсон байна.
Хамгийн өөдрөг хувилбараар, улс орнууд одоо өгсөн үндэсний амлалтуудаа бүгд хэрэгжүүлсэн тохиолдолд дэлхийн температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 1.8 хэмээр өсөж, хамгийн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Гэхдээ температурын өсөлт үүнээс хавьгүй өндөр байх магадлалтай.
“Одоогийн бодлогыг хэвээр үргэлжлүүлбэл 2100 он гэхэд дэлхийн дулаарлын дундаж төсөөлөл ойролцоогоор 2.6 хэмд хүрнэ”.
Тайланд мөн нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулах арга хэмжээ (CDR), тухайлбал шинэ ой мод тарих зэрэг арга хэмжээ нь дэлхийн температурын өсөлтийг хянахад “нэн чухал” гэжээ. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь одоогийн хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулах шаардлагыг орлох боломжгүй ажээ.