
Хоёр их гүрний дунд хавчуулагдсан жижиг улсад зовлон их. Экспортын 90 хувь нь Хятад руу, импортын дөрөвний нэг нь Оросоос хамаардаг манай улсын хувьд хөршүүдтэйгээ ойлголцож явах нь улс төр, эдийн засгийн гол бодлого байх учиртай. Орос крантаа хаахад шатахуун, эрчим хүч тасалдаж, Хятад хөрөнгө оруулалтаа татахад хувь, хувьсгалын бүх төсөл гацаанд орно. Гэтэл ийм эмзэг харилцаан дээр Монгол Улс ноцтой алдаа гаргаж, түүнийгээ засахын оронд бүр дахин дахин давтсаар байна.
Дорнод аймгийн Матад суманд Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиа Фойсон Энержи” компанийн ажилчдад халдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сард гарсан. Сошиал орчинд хурдацтай түгсэн энэ мэдээллийн дараа Хятадын Элчин сайдын яамны хэргийг түр орлон гүйцэтгэгч Цао Ли Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй уулзаж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, ажилчдын аюулгүй байдалд санаа зовж буйгаа албан ёсоор илэрхийлсэн байдаг. Өнгөц харахад, хоёр улсын төрийн төлөөллүүд асуудал ярилцаад өнгөрсөн мэт боловч үнэндээ энэхүү үйл явдлын дараа Ганцмод боомтын нүүрс тээвэр 44 хувиар огцом буурч, наймдугаар сар дуустал энэ хэвээр үргэлжилсэн дүн мэдээ бий. Энэ бол Хятадын Засгийн газраас Монгол Улсад өгсөн эхний анхааруулга байлаа.
Ердөө хоёрхон эмэгтэйн солиорол мэтээр бидний хүлээж авсан мэдээлэл хоёр улсын экспортын хэмжээнд ноцтой нөлөөлж, Монгол Улс өчнөөн сая долларын экспортын орлогоор хохирч үлдсэн бодит баримт энэ.
Гэтэл ийм ноцтой алдааг тэр дор нь таслан зогсоохын оронд дахин, дахин давтан үйлдэж буй үйл явдлууд гарсаар байгаа юм. Матадын хэргийн дараа Гашуунсухайт төмөр замын төсөлд ажиллаж буй Хятад ажилчны толгойг хагалсан хэрэг гарч, Хятадын Элчин сайдын яамны хэргийг түр орлон гүйцэтгэгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монголын төрд дахин хандсан байна. Гэхдээ асуудал үүгээр дууссангүй, улам өндрийг авсан нь ШХАБ-ын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа “Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хамгаалахыг хүсэв” гэж “Синьхуа” агентлаг албан ёсоор дамжуулснаас харагдаж байгаа юм.
Их гүрний хувьд БНХАУ иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлэхээ ийн мэдэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалтаа татах хэмжээнд асуудал хүндэрвэл Монгол Улс л хохирно. Өдөр ирэх тусам чангарч буй валютын ханш, иргэдийн цалин гүйцэхээ өнгөрсөн инфляцын өсөлтийг уг нь гадаадын хөрөнгө оруулалтаар л тогтоон барих боломжтой. Иймээс ч Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” үндэсний санаачилгыг эхлүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бизнесийн орчныг сайжруулахаа мэдэгдээд байгаа юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд “Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Зөвшөөрлөөс чөлөөлсөн шийдвэр гарчихаад байхад иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал үүсгээд байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Хуульд байхгүй шаардлага тавьдаг, хуульд байхгүй тушаал шийдвэр барьдаг энэ нөхдүүдэд бүгдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Төр бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэдэггүй байх зарчим бариад ажиллаад байхад ямар том том хүнд суртал үүсгээд байна. Шат шатанд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Бизнес эрхлэгчид ээлтэй орчин бүрдүүлж ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн үүрэг өгөөд байгаа юм.
Засгийн газар нь хөрөнгө оруулалт татаж, бизнесийн орчныг сайжруулах гэж бодлого зорилтоо тодорхойлоод байхад Хятадын иргэдэд халдсан хувь хүмүүсийн дээрх мэт үйлдлүүд хоёр улсын харилцаанд сэв суулгасаар байна. Хятадын Засгийн газрын зүгээс ч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монголын төрд илтэд тодорхой хариултууд өгөөд эхэлснийг учир мэдэх хүмүүс хэлж, ярьсаар байна. Саяхан төмөр замын төслийн талаар Бээжинд очсон Монголын Засгийн газрын томоохон төлөөлөгчийг Хятадын тал хүлээж авалгүй нутаг буцаасан нь үүний нотолгоо.
Нөхцөл байдал ийм хэмжээнд тултлаа хүндэрчихээд байхад Засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь дараа дараагийн энэ мэт үйлдлийг өөхшүүлсэн үйлдэл болж байна. Юу гэхээр, өмнөх үйлдлүүд нь шийдэгдээгүй байхад Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Хятадын хөрөнгө оруулалттай компани руу халдсан хэрэг гарчээ. Хамгийн ноцтой нь энэ хэргийг хувь хүмүүс бус, харин Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс сумын Засаг дарга З.Мөнгөнбагана гэгч оройлон өдүүлсэн байх юм.
Хуулийн дагуу хөрөнгө оруулалт хийж, татвар хураамжаа төлсөн “Галакси Майнинг Монголиа” компанийг АМГТГ-аас баталж өгсөн лицензэт талбайдаа түр кэмпээ барихаар очиход нь сумын Засаг дарга З.Мөнгөнбагана нутгийн иргэдийг турхиран хөөж явуулсан байна. Ноцтой нь, энэ үеэр нэмэлт хайгуул хийхээр очсон гурван хятад инженерийг “Буудаж ална” гэж заналхийлжээ. Засаг даргын турхирсан орон нутгийн иргэдээс хятад инженерүүд зэргэлдээ сум руу нь зугтаж эсэн мэнд өнгөрсөн гэх мэдээллийг холбогдох хүмүүс нь өгч байна.
Ерөнхий сайдын ярьж хэлсэн бүхэн төрийн анхан шатан дээр ийм байдлаар урвуу хэрэгжиж байхад Монголд хэн бизнес хийхээр хөрөнгө мөнгөө бариад ирэх вэ. Энэхүү ноцтой хэргийг Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар онцгой анхааралдаа авч зохих ёсоор шийдвэрлэхгүй бол дараа дараагийн хөрөнгө оруулагчид Монголоос бүрэн дайжиж мэдэхээр нөхцөлд тулж ирлээ. Монгол уг нэгдмэл улс. Гэтэл Засгийн газар нь нэг шийдвэр гаргаж хөрөнгө оруулагчдыг урьж байхад, орон нутаг нь эсрэг явж, хөөж туух нь зөв үү. Ийм байдал удаан үргэлжилбэл Хятадын Засгийн газар хөрөнгө оруулалтаа татах эрсдэл үүсээд байна.
Эхлээд хууль бус шаардлага тавьж, улмаар илтэд хясан боогдуулж ирсэн Засаг дарга З.Мөнгөнбагана эцэст нь нутгийн иргэдийг турхирч, хөрөнгө оруулагчдыг хөөх ажлыг төрийн нэрийн өмнөөс гардан зохион байгуулсанд хэн хариуцлага хүлээх вэ?