.jpg)
Өнөө шөнө Мехико хотын “Ацтека” цэнгэлдэхэд шүгэл дуугарч, гараг дэлхийн найман тэрбум хүний зүрхэн цохилтыг нэг хэмнэлд оруулан найдвар, бахдалыг нь төрүүлэх их цэнгэл эхэлнэ.
Олимпын адил дөрвөн жилд ганц тохиодог ч хөлбөмбөгийн ДАШТ зөвхөн спортын тэмцээн уралдаан төдий зүйл биш юм. Ногоон талбайд өрнөх 90 минутын тэмцэл бүрийн цаана улс үндэстнүүдийн түүх шинээр бичигдэн, дэлхий нийтээр амьдралын аар шаар асуудал, дайн самуунаас үүдэлтэй эдийн засгийн хямралын улигт сэдвээс зуурхан ч атугай холддог болохоор арга ч үгүй биз. Хөлбөмбөгийн түүхэнд анх удаа гурван улс хамтран Хойд Америк тив дамнуулан зохион байгуулах 23 дахь удаагийн ДАШТ-д 48 улс үндэстний шигшээ баг нийтдээ 104 тоглолтоор ногоон талбайд хурд, хүчээ сориход бэлэн болжээ.
Дэлхийн цомын төлөө 32 баг өрсөлддөг тогтсон жишгийг 48 шигшээгийн өрсөлдөөн болгож өргөтгөснөөр FIFA хөлбөмбөгийн газрын зургийг бүхэлд нь өөрчилж чадлаа.
ДАШТ-д ногоон талбайд хүрэх нь мөрөөдөл төдий байсан улс орнуудад боломж нээгдэж Узбекистан, Йордан, Кабо Верде, Курасао зэрэг улсууд анх удаагаа оролцох эрхээ аваад буй. Шүүмжлэгчид багийн тоо нэмэгдсэнээр тоглолтын чанар муудна гэж үздэг ч хөлбөмбөгийн даяаршил улам бүр гүнзгийрч, “жижиг” гэгдэх багуудын түвшин хэрхэн өсөж байгааг бид өнгөрсөн ДАШТ-ээс хангалттай харсан. Катар-2022 тэмцээний үеэр Марокко хагас финалд үлдэж, Саудын Араб Аргентиныг хожсон түүхүүд хөлбөмбөгт хэнийг ч басах аргагүй болсны нотолгоо.

1930 онд Уругвай улсад анхны ДАШТ зохиогдоход ердөө 13 баг оролцсон түүхтэй. Атлантын далайг усан онгоцоор гаталж ирсэн Европын цөөн баг, Өмнөд Америкийн орнуудтай тулсан тэмцээний дараа ирээдүйд хөлбөмбөгийн спорт дэлхий нийтийг байлдан дагуулна гэвэл хэн ч итгэхээргүй байв. Анхны тэмцээний финалд талбайн эзэн Уругвай болон Аргентины шигшээ багууд өөрсдийн бөмбөгөөр тоглохоор маргалдаж, эхний хагаст Аргентины, хоёрдугаар хагаст Уругвайн бөмбөгөөр тоглож байсан хөгжөөнтэй түүх ч бий.
Дэлхийн аварга шалгаруулж ирсэн зуу шахам жилийн түүхэнд хөлбөмбөгийн спорт өөрөө асар их хувьсгал туулсан. Пелегийн уран довтолгоогоор хөлбөмбөгийг “Хаан спорт” хэмээн хүлээн зөвшөөрсөн 1958, 1970 он, Диего Марадонагийн “Бурхны гар”-аа үзүүлсэн 1986 оны зун, Зинедин Зидан Францыг хөлбөмбөгийн оргилд гаргасан 1998 оны мөргөлт, Лионель Месси алтан цом өргөж хаан титмээ зүүсэн 2022 оны Катарын өвөл магад ахин нэгэн зуун өнгөрсөн ч шагшигдах домог билээ.
2026 оны ДАШТ-ээс эхлэн хойшид олон улсын тэмцээнүүдэд хэд хэдэн шинэ дүрэм хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, хаалгач бөмбөгийг гараар хэт удаан баривал эсрэг багт давуу байдал олгоно. Шүүгч зөвхөн багийн ахлагчтай харьцахын зэрэгцээ VAR бичлэгийг нягталсан шийдвэрээ микрофоноор үзэгчдэд тайлбарлана. Мөн сэлгээ, гэмтэл, VAR шалгалт, гоолын баяр тэмдэглэх болон бусад цаг алдалтыг нарийвчлан тооцож нэмэлт цаг олгоно. Мэдээж өрсөлдөгчөө доромжлох, нүүр аманд нь хүрэх зэрэг спортын бус, бүдүүлэг үйлдэлд хатуу хариуцлага тооцохоор журамлав. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран хоёр үеийн дунд гурван минутын ус уух завсарлага заавал өгнө. Сэлгээгээр гарч буй тоглогч 10 секундийн дотор талбайг орхих ёстойн дээр шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн талбайг орхих, эсвэл бусдыг талбайгаас гарахыг уриалсан тохиолдолд шууд улаан картаар шийтгэхээр заажээ.
Хэсгийн болон шигшээ тоглолт явагдах АНУ-ын 11, Мексикийн гурав, Канадын хоёр цэнгэлдэх хамгийн алсдаа 4500 км зайтайн дээр дөрвөн цагийн бүсэд байрладаг тул тэмцээн эхлэх цагууд 13 өөр огноотой. Германы хөгжөөн дэмжигч зөвхөн хэсгийн шатны тоглолтуудыг үзэхийн тулд Хьюстоноос Торонто, Нью Жерси хүртэл 2619 км замыг туулна гэхээр Хойд Америк тив даяар эдгээр өдрүүдэд хөдөлгөөний эрчим нэмэгдэх нь. Эдийн засагчдын тооцоолсноор 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулсаны орлого 13 тэрбум ам.доллар давах төлөвтэй. Дэлхийн аваргыг зохион байгуулахаар АНУ, Канад, Мексикт шинээр стадион бариагүй ч тоглолт явагдах 16 цэнгэлдэхийг FIFA-гийн стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулж зүлэгжүүлэхэд найман тэрбум ам.доллар зарцуулжээ.
Гурван улс дамнасан асар өргөн газар нутагт тамирчид хийгээд үзэгчдийн аюулгүй байдлыг ханахын тулд дэд бүтэц, ложистикийн зардалд үүнтэй дүйх мөнгө гаргаад буй. Катар улс 2022 онд цоо шинэ хот, метро, найман цэнгэлдэх барихад 220 тэрбум ам.доллар зарцуулж байсантай харьцуулбал Хойд Америк бэлэн дэд бүтэц дээр тулгуурласан тул харьцангуй үр ашигтай төсвөөр ДАШТ-ийг давах өнгөтэй.
Дэлхийн аваргыг зохион байгуулна гэдэг тухайн улсын хувьд нэр төрийн хэрэг боловч цаагуураа эдийн засгийн асар том мөрий, эрсдэлтэй алхам байдаг. Зохион байгуулагч орнууд тэрбум, тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд зарцуулж аялал жуулчлал татахаар чармайх ч ДАШТ-ий өртөг зардал эдийн засгийн дарамт болдогийг 2010 оны Өмнөд Африк, 2014 оны Бразилийн жишээнээс харж болно. Хэдэн зуун сая ам.доллар зарцуулсан сүрлэг цэнгэлдэхүүд тэмцээний дараа эзгүйрэн тэдгээрийг додомдох, хамгаалах зардал эргээд татвар төлөгчдийн нуруун дээр буудаг энэхүү үзэгдлийг “Цагаан зааны хам шинж” хэмээн тодорхойлдог юм.
Түүхэнд хамгийн өндөр өртөгтэй ДАШТ-ийг 2022 онд Катар улс зохион байгуулж 220 орчим тэрбум ам.доллар зарцуулсан тухай дээр өгүүлсэн. Үүний өмнө 2018 оны Оросын ДАШТ 14 тэрбум, 2014 оны Бразилийн ДАШТ 15 тэрбум ам.долларын өртөгтэй байв. Гэхдээ 2026 оны ДАШТ зах зээл өндөр хөгжсөн, спортын бэлэн барилга байгууламжийн бүтэц дээр суурилах учир 10.9 тэрбум ам.долларын ашиг олж дөнгөнө хэмээн тооцоолж буй. Үүнийг батлах мэт хэсгийн тоглолтын хамгийн хямд тасалбар дунджаар 200 ам.доллар, харин финалын тоглолтынх 2030 ам.долларт хүрлээ. Хэсгийн тоглолт үзэхэд орон нутгийн нислэг, буудал зэргийг багтаагаад нэг үзэгчээс гарах зардал дунджаар 5000-6000 ам.долларт хэлбэлзэнэ. Харин долоодугаар 19-нд Нью Жерси мужийн “МетЛайф” цэнгэлдэх хүрээлэнд аваргын цом өргөх багийг үзэх тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс шалтгаалж дээд тал нь 32 970 ам.доллар байх юм.
FIFA анх удаа тасалбарын борлуулалтыг өөрөө шууд хариуцан эрэлтэд суурилсан “динамик систем” нэвтрүүлсэн нь үнэ хөөрөгдөхөд хүргэсэн гэх шүүмжлэлтэй тулгарч буй. Энэ удаад тасалбарын үнэ Катарын ДАШТ-ээс хоёр дахин, харин 1994 онд АНУ-д болсон ДАШТ-ээс даруй дөрөв дахин өндөр байгаа. Тасалбарыг зах зээлийн бодит эрэлтээс доогуур үнээр борлуулан хөгжөөн дэмжигчдэд хүртээмжтэй түвшинд барьдаг тогтолцоо ийнхүү үгүй болж байна. ДАШТ-ий үндсэн зардлыг зохион байгуулагч орон гаргадаг бол орлогын дийлэнх нь FIFA-д очдог учраас Олон улсын Хөлбөмбөгийн холбоог дэлхийн хамгийн ашигтай ажилладаг төрийн бус байгууллага гэх нь ч бий. Катарын ДАШТ-ээс гэхэд л хөлбөмбөгийн холбоо 7.5 тэрбум ам.долларын орлого олж дээд амжилт тогтоосон. Нийт орлогынхоо 50 хувийг телевизээр шууд дамжуулах эрхээр бүрдүүлж, ивээн тэтгэлэг тасалбарын орлогоор зөрүүгээ нөхдөг тогтолцоогоо өөрчилсөн FIFA-ийн энэхүү туршилт эсрэгээрээ хоосон цэнгэлдэхэд тоглолт явагдах эрсдэл дагуулж ч мэднэ. Үүний дээр АНУын Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж буй визийн хатуу бодлого олон улсын хөгжөөн дэмжигчдийн урсгалыг сааруулах нь тодорхой.

Гагц ДАШТ гэлтгүй хөлбөмбөгийн тэмцээн болгонд аль баг хэдэн гоолоор илүүрхэх тухай таамаглал спортын тоймчид хийгээд бооцооны төвүүдийн гол ажил болдог. Аргентин аварга цолоо хамгаалахаар, Франц 2022 оны финалд ялагдсан даагаа нэхэхээр бэлтгэлээ базааж байна. Европын хүчирхэг багууд Испани, Английн шигшээг давах боломж Португал , Нидерландын багт ч бий. Хөлбөмбөгийн эх орон Бразил зургаа дахь удаагаа дэлхийн цом өргөж эсвэл “герман машинууд” өөрсдийн шинэ эрин эхэлснийг тунхаглаж ч мэднэ. “Алтан дагина” цом өргөх хамгийн өндөр магадлалтай багийг шинжээчдийн зүгээс ийнхүү тодорхойлж байна.

Франц
Европын шалгаруулалтаас торох юмгүй тодорсон дасгалжуулагч Дидье Дешамын баг Брэдли Баркола, Майкл Олиз, Килиан Мбаппе, Хюго Экитике зэрэг залуу агаад асар туршлагатай бүрэлдэхүүнтэй тул бараг бүх спорт аналитикийн жагсаалтыг тэргүүлж буй. Гурван өнгөтнүүдийн сэлгээний чадвар урт хугацаанд үргэлжлэх тэмцээний явцад давуу тал болно.

Бразил
Хэдийгээр сүүлийн тэмцээнүүдэд хүлээлтэд хүрч чадаагүй ч Винисиус Жүүниор, Родриго зэрэг шинэ залуу авьяастнуудаар дүүрэн Бразилын шигшээ түрүүлэх магадлалтай топ гурван багийн тоонд үргэлж багтдаг. Итали дасгалжуулагч Карло Анчелоттийн удирдлага дор Бразилын довтолгооны чадамж хэнд ч аюул тарихаар гэдгийг шинжээчид анхаарууллаа.

Англи
Жүүд Беллингхэм, Фил Фоден зэрэг дэлхийн хэмжээний залуу одод болон Премьер лигийн шилдэг тоглогчдоос бүрдсэн Английн шигшээ сүүлийн жилүүдэд томоохон тэмцээнүүдийн финал, хагас финалд тогтмол шалгарч байгаа тул түрүүлэх од нь гийж магадгүй л юм.

Аргентин
Месси байх эсэхээс үл хамааран тогтвортой рекорд тогтоон, багийн уур амьсгал нягт байгаа Аргентин аваргаа хамгаалах, үгүйдээ л шилдэг дөрөвт үлдэх хамгийн өндөр магадлалтай. Дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа Копа Америка, нэг удаа дэлхийн аваргад түрүүлсэн “Альбиселесте” тийм ч амар байраа тавьж өгөхгүй.

Испани
Педри, Фабиан Руис, Мартин Зубименди, 2024 оны Алтан бөмбөгийн эзэн Родри, шилдэг залуу тоглогч Ламин Ямалаар хүч сэлбэсэн Европын аваргууд шалгаруулалтын шатанд бараг л алдаа мадаг гаргалгүй урагшилсаар ДАШТ-ий талбарт ирлээ.
Эх сурвалж: ESPN Football Experts & Opta Analyst, Sky Sports Football & Bleacher Report
Тэгвэл Bet365, Caesars Sportsbook зэрэг бооцооны томоохон компаниудын гаргасан магадлалын дунджаар мөн л Францын шигшээ баг жагсаалтыг өнгөлж байна.
Спортын бооцоочид Бразил, Английн шигшээг удаад нь нэрлэж Герман, Испанийг “битүү морьд”-оор тодорхойлжээ.
Гэхдээ ДАШТ үргэлж гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг. Улс нь жижиг байж болох ч хөлбөмбөгчид нь гайхамшгийг бүтээж болдгийг 2018 онд мөнгө, 2022 онд хүрэл медалийн тавцанд зогссон Хорватын түүх бэлхнээ харуулсан юм.
Энэ жилийн тухайд 1998 оноос хойш ДАШТ-д оролцоогүй Норвег урьдчилсан шалгаруулалтад өө сэвгүй тоглож, дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн багийг гэртээ үлдэхэд хүргэсэн дуулиан тарьсаар Америк тивд газардлаа. Урьдчилсан шалгаруулалтын бүх тоглолтондоо ялалт байгуулан дэлхийн чансааны наймдугаарт бичигдэж буй Марокког хэсгээсээ шалгарна гэдэгт хөлбөмбөг сонирхогчид итгэл төгс байна.

Мохамед Салахын тэргүүлдэг Египетийн шигшээ баг Бельги, Шинэ Зеланд, Ирантай таарсан G хэсгээс цааш шалгарах магадлалтай. Азийн хамгийн хүчтэй баг болох япончууд урьдчилсан шатны 16 тоглолтод ердөө гурван гоол алдсан. Тэд гуравдугаар сарын сүүлээр “Уэмбли”-д болсон нөхөрсөг тоглолтод Английн эсрэг 1:0- ээр хожиж, анхны ялалтаа байгуулаад байгаа юм. Өмнөд Америкийн сонгон шалгаруулалтад Бразил, Аргентиныг хожиж, нийт дүнгээрээ гуравдугаар байрт шалгарсны дараа Колумбыг энэ ДАШТ-ээр цойлж мэднэ гэдэгт олон хүн мөрий тавина.Зохион байгуулагч орнуудын хувьд Канадын багийг нутгийн дэвжээ ивээж гурав дахь шигшээ тоглолтондоо гэнэтийн бэлэг барьж магадгүй юм. Тэд өмнөх ДАШТээр бүх тоглолтдоо хожигдсон ч Катар, Швейцар, Босни-Герцеговинатай оноо тэнцсэн юм.
40 насны босго алхсан Криштиану Роналду болон Лионель Месси, Мексикийн хаалгач Гильерме Очоа нар зургаа дахь харин Хорватын Лука Модрич тав дахь ДАШТ-дээ оролцож байна. Хөгжөөн дэмжигчдийн хувьд ч нэгэн цаг үеийг хамт элээсэн тамирчнаа сүүлчийн удаа дэлхийн тавцанд харах нь маш үнэ цэнтэй, дахиж олдохгүй хором мөчүүд болохоор тасалбарын үнийг тэгтлээ хөөргөдсөн байж мэдэх юм. Хоёр арваны турш дэлхийн хөлбөмбөгт ноёрхсон аугаа тамирчдын араас шинэ үеийн одод дэлхийн хөлбөмбөгийн хаан ширээг булаалдах анхны том тулаан энэ удаагийн ДАШТ байх нь тодорхой.
Катар-2022”-ын шигшээ тоглолтод хэт трик хийсэн ч торгуулийн цохилтоор Аргентинд ялагдан мөнгөн медаль дээр буусандаа сэтгэл дундуур яваа Килиан Мбаппе энэ удаад “Шилдэг тоглогч” болох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдлээ. Жүүд Беллингхэмийн хагас хамгаалалтаас тоглолт найруулах болон гоол оруулах чадвар Английн хувь заяаг шийдэх бол Бразилын довтолгооны шинэ удирдагч, тоглолтыг ганцаараа шийдэх чадвартай гол дүр нь яалтчгүй Винисиус Жүүниор юм. ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад 16 гоол оруулж Норвегийг 28 жилийн завсарлагааны дараа дэлхийн аваргад өрсөлдөх замыг зассан Эрлинг Хааланд ч хүчтэй өрсөлдөгч.
Тэдний дараагийн үе болох цахиур хагалах залуу авьяастнуудын тэргүүнд 18 настай испани довтлогч Ламин Ямаль бичигдэж буй. Ердөө 16 насандаа Европын аварга шалгаруулах тэмцээнээр дэлхийг алмайруулж явсан хүү ДАШТ-ий талбарт Испанийн түлхүүр тоглогчоор гарна. Түүний баруун жигүүрээс дотогш хуурч орж ирэн зүүн хөлөөрөө цохих техник, талбайг харах чадвар нь үнэхээр гоц ч дөрөвдүгээр сард “Барселона” клубын бүрэлдэхүүнд Ла Лигийн тэмцээнд орох үедээ авсан бэртэл Испаний амжилтаас хойш чангааж мэдэх юм.

19 насандаа Пеле, Роналдо нарын залгамж халаа болон Бразилын довтолгоонд шинэ эрч хүч авчирсан Эндрик клубын гайхалтай улирлын дараа олон улсын тавцанд чадвараа харуулахаар зэхэж байна. Туркийн хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй Арда Гюлерийн алсын дамжуулалт, стандарт цохилтууд нь ямар ч хамгаалалтыг задлах чадалтай бол шинэ үеийн “хос мотор” Флориан Вирц болон Жамал Мусиала нарын бүтээлч тоглолт герман машинуудыг хуучны хүчирхэг байр сууринд нь эргүүлэн авчирна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
“Спорт улс төрөөс ангид байх ёстой” гэдгийг олон улсын байгууллагууд тунхагладаг ч бодит байдал дээр ДАШТ бол геополитикийн маш том зэвсэг, “Зөөлөн хүч”-ний тулааны талбар юм. Улс орнууд өөрсдийн нэр хүндийг дэлхийн тавцанд өсгөх, дипломат харилцаагаа бэхжүүлэх, магадгүй дотоод дахь зарим нэг тогтворгүй асуудлуудаас дэлхий нийтийн анхаарлыг холдуулахын тулд хөлбөмбөгийг ашигласаар ирсэн. АНУ энэ удаагийн ДАШТ-ээр дэлхийд өөрийн зохион байгуулалтын чадвар, улс төрийн зангаргаа дахин харуулах нь лавтай. Хөлбөмбөгийн гал халуун соёлоо нотлох Мексикийн уламжлалтай зэрэгцэн Канад зөвхөн хоккейн орон биш гэдгээ батлахыг эрмэлзэж буй.
эдгээ батлахыг эрмэлзэж буй. Сүүлийн жилүүдэд ДАШТийг зохион байгуулах эрх авах өрсөлдөөн улам ширүүссэн нь “Sportswashing” буюу спортоор дамжуулан улс төрийн нэр хүндээ цэвэрлэх гэсэн оролдлоготой нягт холбоотой. Хүний эрхийн зөрчил хурцадмал, эсвэл олон улсад нэр хүнд нь буурсан орнууд ДАШТ-ийг ашиглан дэлхий нийтэд “нээлттэй, орчин үеийн, найрсаг” дүр төрхийг харуулахыг хичээдэг нь нууц биш. 2014 онд Крымийн хойгийн хямралаас үүдэн барууны орнуудтай харилцаа нь муудсан ОХУ 2018 оны ДАШТ-ийг маш өндөр түвшинд зохион байгуулснаар өөрсдийгөө аюулгүй, зочломтгой улс гэдгийг дэлхий дахинд харуулж, геополитикийн дипломат сурталчилгааг амжилттай хийсэн. Барууны хэвлэлүүдээр цагаач ажилчдын эрх, хүний эрхийн асуудлаар хурц шүүмжлэл өрнөсөн ч Катар 2022 онд түүхэнд хамгийн өндөр өртөгтэй тэмцээнийг амжилттай зохион байгуулж, Ойрхи Дорнодын соёлыг дэлхийн төвд авчирч чадсан юм.
Нэгэн зууны турш ДАШТ-ийг Европ болон Өмнөд Америк гэсэн хоёрхон туйл удирдан чиглүүлж ирсэн. Харин одоо Саудын Араб 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авч, Хятадын корпорациуд FIFAгийн хамгийн том ивээн тэтгэгч болон хөлбөмбөгийн геополитик Ази, Африк, Ойрхи Дорнод руу чиглэж байгаа нь дэлхийн эдийн засаг, улс төрийн хүчний харьцаа баруунаас зүүн тийш шилжиж буйн тод илрэл билээ.