
Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment (PISA) буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцууллаа. Ийнхүү монгол сурагчдын боловсролын үнэлгээ олон улсын түвшинд дахин баталгаажиж, хэмжигдлээ.
Энэ талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Боловсрол, ур чадварын газрын захирал Андреас Шляйхер “2022-2025 оны хооронд дэлхийн ихэнх орнын сурагчдын унших чадвар, математикийн гүйцэтгэл буурсан. Харин Монгол Улсын сурагчдын эдгээр чадвар тогтвортой хадгалагдсан. Мөн монгол сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл дээшилсэн. Стэнфордын их сургуулийн судлаачдын тооцоолсноор, монгол сурагч бүр PISA үнэлгээний суурь буюу II түвшинд хүрч чадвал ирээдүйд Монгол Улсад 177 тэрбум ам.доллар давсан эдийн засгийн өгөөж бий болгох боломжтой юм” гэв.
Programme for International Student Assessment (PISA) нь олон улсын үнэлгээ нь гурван жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг үнэлгээ юм. PISA үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага 2000 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн 90 гаруй орон хамрагддагаараа олон улсын томоохон үнэлгээний нэгд тооцогддог. Сурагчдын мэдлэг чадварыг математик, байгалийн ухаан, уншиж ойлгох чадвар болон танин мэдэхүйн бус бусад чадварыг сорьсон даалгавруудаар үнэлэхээс гадна сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг үнэлгээнд хамрагдсан сурагчдаас авдаг цогц судалгаа юм. PISA үнэлгээнд манай улсын анх 2022 онд хамрагдаж байв. Харин энэ жил хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 15 настай 59900 суралцагчийг төлөөлж 191 сургуулийн 7146 суралцагч оролцжээ.
Суралцагчдын гүйцэтгэлийг 1-6 хүртэлх түвшингээр үнэлдэг. Энэ удаагийн шалгалтын дүнгээр Монгол Улсын суралцагчдын 57 хувь нь байгалийн ухааны хичээлээр II болон түүнээс дээш түвшний суурь чадамжинд хүрчээ. OECD-ын дундаж нь 74 хувь аж. Сорил тус бүрээр авч үзвэл:
Ийнхүү нийт үнэлгээгээр Монгол Улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Мөн охид хөвгүүдээс илүү гүйцэтгэлтэй байгаа нь үнэлгээгээр тогтоогджээ. Мөн амьжиргааны түвшин сайн өрхийн хүүхдүүдийн гүйцэтгэл илүү сайн байна. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн нөхцөл давуу сурагчид тааламжгүй нөхцөлд суралцаж байгаа хүүхдүүдээс байгалийн ухааны хичээлээр 71 оноогоор илүү байжээ.

Монгол сурагчдын дэлгэрэнгүй дүнг танилцуулъя.
Монгол Улс математикийн гүйцэтгэлийн ерөнхий дүнгээр PISA-ийн үнэлгээнд хамрагдсан 91 орноос 49 дүгээрт орсон байна. Өмнөх гүйцэтгэлийн дундаж оноо 425 байсан бол 419 болжээ. 2022 оны үзүүлэлтээ хадгалсан гэх дүгнэлтийг Боловсролын яамнаас мэдээллээ.
Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо:
• OECD-ын дундаж үнэлгээ оноо 463
• Азийн дундаж оноо 439
• Монгол 419
Уншаад, ойлгох чадварын гүйцэтгэлийн үнэлгээгээр манай улс 374 оноо авчээ. Энэ нь 2022 оны гүйцэтгэлээ хадгалсан дүн аж. Унших чадварын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэсэн үр дүн гарсан юм. Харин энэ жилийн байдлаар, яаран, өнгөц унших хандлагатай сурагчдын эзлэх хувь 8.6-10.1 хувь болж, нэмэгджээ. Унших чадварын үнэлгээг эргэцүүлэн бодож чадаж байгаа эсэх, эссэ бичиж чадаж байгаа эсэх, өөрийгөө илэрхийлж чадаж байгаа эсэх гэсэн үзүүлэлтийн нийлбэр дүнгээр хэмждэг байна.
Унших чадварын гүйцэтгэлийн оноо:
• OECD-ын дундаж оноо 461
• Азийн дундаж оноо 413
• Монгол Улсын оноо 374
Байгалийн ухааны ур чадварын гүйцэтгэлийн үнэлгээгээр манай улс 91 орноос 56 дугаар байрт оржээ. Гэвч манай улсын сурагчдын дундаж оноо 2022 оны үнэлгээнээс 12 нэгж оноогоор нэмэгдсэн байна. Тиймээс хамгийн өндөр ахиц үзүүлсэн 10 оны нэгээр нэрлэгджээ.
Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо:
• OECD-ын дундаж 482
• Азийн дундаж оноо 449
• Монгол Улсын оноо 424
PISA үнэлгээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус үнэлгээний талаар "Дэлхийн 91 орон энэ жил PISA үнэлгээнд оролцсон. Манай улс хоёр дахь удаагаа оролцлоо. Бид 2022 онд анх тус үнэлгээнд оролцсон. Хот, хөдөөгийн сургуулийн ялгаа гарсан гэдэг дүгнэлтийг тухайн үед авсан. “Хамгийн сайн сургууль гэрт ойр сургууль” тэргүүтэй зургаан шинэчлэлийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид хэрэгжүүлсэн. Үүнийхээ үр дүнг өнөөдөр харлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын шинэчлэлийг дэмжиж ажилласан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх асран хамгаалагч, сурагчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе" гэв.