
Монголын бодибилдинг, фитнессийн баг тамирчид энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медалийн буухиаг үргэлжлүүллээ.
Испанийн Санта Сусанна хотод болсон IFBB холбооны эрэгтэй, эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 15 тамирчин оролцож, шилдэг тамирчдын эгнээнд багтжээ.
Эрэгтэйчүүдийн Physique -179 см ангилалд Б.Баасандорж хүрэл медаль хүртсэн нь энэ төрөлд Монгол Улсын анхны медалийн эзэн болсон амжилтыг бичсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн Fit Model ангилалд Б.Баасандорж мөнгөн медаль хүртсэн бол Physique Master болон Model Master ангилалд Ц.Ууганбаяр хошой хүрэл медалийн эзэн болжээ. Үүнэс гадна Fit Model Master ангилалд Б.Гэрэлт-Од 4-р байр эзэлсэн бол эмэгтэйчүүдээс Silver Masters ангилалд Н.Золжаргал 2-р байр, Б.Пагмадулал Bronze ангилалд 5-р байрт тус тус оржээ.
Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Б.Батхуяг багтсан байна. Тэрээр олон улсын шүүгчийн зэрэглэлийг хангажээ.