
Ерөнхий сайд Н.Учрал татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг дөрөвдүгээр сарын 7-оос нэг сарын хугацаанд нээснээ мэдэгдсэн.
Ингэснээр татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй 3800 аж ахуйн нэгж дансаа нээлгэж, нэг сарын хугацаанд өрөө барагдуулахаар болов. Нэг удаагийн, аргацаасан шинжтэй энэ арга хэмжээ нь зарим аж ахуйн нэгжид тодорхой дэмжлэг болох ч урт хугацааны шийдэл огтоос биш юм.
Эдийн засагч Б.Лакшми
Аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх нь зөв. Данс нээлттэй байх нь санхүүгийн урсгалаа хянах, төлөвлөх боломжийг олгодог учраас аж ахуйн нэгжүүдэд чухал. Харин данс хаалттай үед тухайн дансанд орсонд бүх орлогыг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт татчихдаг учраас компани өөрийн мөнгөн урсгалдаа менежмент хийх боломжгүй болчихдог. Иймээс ч дансыг нээх арга хэмжээ зөв ч нэг сар гэдэг маш бага хугацаа. Жил бүрийн эхний гурав, дөрөвдүгээр сард бизнесийн идэвхжил маш муу байдаг учраас яг энэ үед дансыг нээсэн ч хугацаандаа өр төлбөрөө төлөх боломжгүй гэж харж байна.
Эдийн засагч Р.Шинэгэрэл
12 мянга орчим аж ахуйн нэгжийн дансыг нээсэн нь хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудал бий. Ер нь бол Засгийн газар хурдтай, шуурхай ажиллаж, дахиад аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг биш, илүү уян хатан зохицуулалттай татварын орчин бүрдүүлэх ёстой. Яагаад жил бүр маш олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа зогсоож, эсвэл х тайлан гаргаж, дансаа хаалгах хэмжээнд өр төлбөр нь хуримтлагдаж байна вэ гэдгээс Монголд татварын дарамт өндөр байгааг харж болно. Татвараас гадна төрийн дарамт ч бизнес эрхлэгчдэд их байгаа хэр нь төлсөн татвар нь бизнесийн орчныг илүү сайжруулах, компаниуд томроход нөлөөлөхгүй байгаа. Иймээс Засгийн газар татварын орчныг сайжруулах, татварын хууль тогтоомжийг сайжруулахад хурдтай ажиллах шаардлагатай.
Сүүлийн хоёр жилд гурван ч Засгийн газар дамнан яригдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн нь Татварын багц хуулийн төсөл.
Олон удаагийн хэлэлцүүлэг, 12 мянга гаруй иргэн, хуулийн этгээдийн саналаар боловсруулсан гэх Татварын багц хуулийн төслийг 2025 оны эцэст Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Иргэд, аж ахуй нэгжүүдийн татварын дарамтыг бууруулахаар хуулийн төслийг боловсруулсан гэж Ерөнхий сайд асан Г.Занданшатар тухайн үед мэдэгдэж байсан ч өмнөх хуулийн зохицуулалтыг дордуулсан, үр нөлөө багатай шинэчлэл болох нь гэх шүүмжлэл ч дагасан.
Харин энэ хуулийн төслийг шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүн нь эргүүлэн татсан. Н.Учралын Засгийн газар хэзээ татварын хуулийн төслөө боловсруулж дуусах, хэзээ УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх нь тодорхойгүй. Тус хуулийн төслийг боловсруулахаар ажиллах байгаа гэх Сангийн сайд нь тоймтой хариулж чадахгүй явна. “Бухын доодхыг харж, үнэг турж үхнэ” гэгчээр хууль тогтоомж боловсруулах ажлын 90 орчим хувийг хийдэг Засгийн газарт найдалтгүй бололтой. Учир нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тавдугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барина. Боловсруулагдаагүй хуулийн төслийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах нь юу л бол. Татварын хуулийн төсөл боловсруулагдсан ч ирэх оноос хэрэгжих эсэх нь цаг хугацаагаар хэмжигдэж байна.
УИХ-ын гишүүдийн өргөн барьсан ч хэлэлцэгдээгүй хүлээгдэж байгаа татвар, нийгмийн даатгалын хуулийн төслүүд цөөнгүй бий.

2023 оны аравдугаар сарын 17-ноос эхэлсэн D-Petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системд 100 мянган хүний дэмжлэг авч, холбогдох Байнгын хороонд асуудал нь шилжсэн 12 нийтийн өргөдөл байгаагийн 50 хувь нь татвар, нийгмийн даатгалтай холбоотой өргөдлүүд. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын УИХ-д өргөн бариад буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Сүүлийн жилүүдэд төсвийн зарлагыг санхүүжүүлэхээр төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлдгөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамт улам нэмэгдсэн. 2015 онд 6.1 их наяд байсан төсвийн орлого 10 жилийн хугацаанд 5.58 дахин өсөж, 33.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ хугацаанд иргэдийн авч буй голч цалин 3.27 дахин өсжээ. Цалингийн орлоготой иргэдийн 50 хувь нь 2.2 сая төгрөг, түүнээс бага цалин авдаг ч цалинд ногдох татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр төдийгүй, автомашины татвараас эхлээд бусад төрлийн татвар огцом нэмэгдэж, хэрэглээний үнийн өсөлт ч иргэдийн амьжиргааг дордуулсаар байна.
Ийм үед иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд цалингийн хэмжээнээс шалтгаалж жилийн орлогод 10-20 хувиар тооцож байгаа татварыг 1 хувь болгох, хөрөнгө оруулалтын хүү, ашгийн орлогод ногдох татвар 5 хувь байгааг мөн 1 хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгажээ. Татварын хувь хэмжээг бууруулахаас гадна шаардлагагүй, үр өгөөж багатай татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг мөн хүчингүй болгохоор оруулжээ. Цалингийн орлогын уг татварын хөнгөлөлт нь шатлалаас хамаарч жилд 120-240 мянган төгрөг байгааг, Улаанбаатараас 500 км-ээс хол алслагдсан бүс нутгийн иргэд зайнаасаа хамаарч ХХОАТ-аа 50-90 хувиар хөнгөлүүлж байгааг, Улаанбаатарын алслагдсан гурван дүүрэг, аймаг, сум, хилийн цэсийн дотор орон сууц түрээслүүлсний орлогод ногдох татварын хөнгөлөлтийн хэмжээ 2024- 2026 онд 90 хувь, 2027-2029 онд 50 хувь байгааг хүчингүй болгохоор хуулийн төсөлдөө тусгажээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
2 сая төгрөгийн цалинтай 180 мянган төгрөгийг өөртөө хадгалж, ХХОАТ-т 20 мянган төгрөг л төлөх зохицуулалт. Татварын хувь хэмжээг бууруулж, цалинд үлдэж байгаа 180 мянган төгрөг нь махнаас эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаа энэ үед иргэдийн амьдралд бага ч гэсэн дэм болно. Үнийн өсөлт өндөр байгаа үед 180 мянган төгрөг хэдийгээр бага ч гэсэн бидний зүгээс одоогоор хийж чадах зүйл нь энэ хуулийн өөрчлөлт гэж үзсэн тул төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. ХХОАТ нь татварын нийт орлогын 10 хувийг эзэлдэг бол түүн дотроо иргэдийн цалин хөлснөөс суутгаж байгаа татварын орлого 80 хувийг нь бүрдүүлдэг. Дундаж давхаргынхан энэ орлогыг дийлэнхийг бүрдүүлдэг гэсэн үг. Дундаж давхаргаасаа авч байгаа энэ татварыг энэ хэвээр байлгавал жоохон байгаа дундаж давхарга эмзэг, ядуу бүлэг рүү орох эрсдэл өндөр. Одоогийн энэ татварын ачаалал дундаж давхаргаа байхгүй болгох хэмжээнд ноцтой байгаа учраас энэ хуулийг санаачилсан.
Цалинд ногдох ХХОАТ-ын хэмжээг 1 хувь болгон бууруулахад сүүлийн 5 жилийн дунджаар тооцоход ХХОАТ-ын орлого 10.2 дахин буурах юм. Өөрөөр хэлбэл, 2026 онд ХХОАТ-аас 2.98 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон бол энэ орлого 291.8 тэрбум төгрөг болж буурна. Төсвийн тухай хуулиар Хувь хүний орлогын албан татварын орлого нь сум, дүүргийн төсвийн орлого байхаар хуульчилсан. Хууль батлагдвал сум, дүүргийн төсөв 2.68 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүсэх тул улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гаргах шаардлага ч гарна. Гэхдээ үнэтэй машин, оффис түрээснээс эхлээд хойшлуулж болох төсөл арга хэмжээг царцаах замаар энэ эх үүсвэрийг бий болгох боломжтой. Хурдны зам, гоё бродюраас илүү иргэдийн бодит орлогыг хамгаалах нь өнөөдөр илүү чухал гэж хууль санаачлагчид үзжээ.
Тэгвэл аж ахуйн нэгжүүдийн хувьд татвараас илүү нийгмийн даатгалын шимтгэл илүү том дарамт. Ажилтан, ажил олгогч нийлээд 23 хувиар төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах нь төсөвт хүндрэл үүсгэх тул эхний ээлжид ядаж давхардаж тооцож байгаа шимтгэлийг зохицуулах нь аж ахуйн нэгжүүдийн хувьд том дэмжлэг болно. 2023 онд хийсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Албан журмаар даатгал төлдөг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтнуудаасаа гадна бизнесийн харилцааны хүрээнд үүсэж буй гэрээний цалин хөлсөнд ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг аж ахуйн нэгжүүдэд оногдуулсан. Үүнээс гадна ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг тогтоох, ажилтанд олгох хоол, унааны зардалд тооцох нийгмийн даатгалын шимтгэлийг болиулах зэрэг үндсэн гурван асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн онд 41 гишүүн УИХ-д өргөн бариад жил тойрч байгаа ч ахиц гарсангүй.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл
Өнгөрсөн жил Б.Түвшин гишүүнээр ахлуулсан 41 гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, ажлын хэсэг байгуулж, УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан. Тухайн үед Сангийн яамнаас энэ хуулийн төсөл нь төсөв, эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаарх судалгааг ахин хийж, нарийвчлах санал гаргасан. Учир нь хуулийн төсөл боловсруулагчдын оруулсан тооцоо, Сангийн яамны тооцоо хоёр зөрсөн. Иймээс ажлын хэсгийн ахлагч Б.Түвшин МУИС-ийн судалгааны баг, эдийн засагчдаар энэ хуулийн төслийн төсөв, эдийн засгийн нөлөөллийг илүү нарийвчлахаар ажиллаж байгаа гэж ойлгосон. Одоогоор ажлын хэсгийнхэн уулзаагүй байгаа ч энэ онд багтааж УИХ-аар хэлэлцүүлж, хуулийн төслөө батлуулахаар ажиллана.
УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээс Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг 1 хувьд хүргэх Ж.Баярмаа тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл гол найдлага болох нь. Учир нь энэ хуулийг төсөл нь Хаврын чуулганы хэлэлцэх хуулийн жагсаалтад орсон. Харин Засгийн газар боловсруулж дуусаагүй хуулийн төслөө хэзээ өргөн барих нь тодорхойгүй ч энэ ондоо багтах эсэх нь эргэлзээтэй. Засгийн газрын тэргүүн НӨАТ-ын босгыг 400 сая төгрөгт хүргэх, үл хөдлөх хөрөнгийн 2 хувийг болиулахаа илэрхийлсэн ч шинэ асуудал биш.
Өмнөх Засгийн газраас өргөн бариад байсан хуулийн төсөлд НӨАТ-ын босгыг 400 сая төгрөгт хүргэхээр тусгасан байсан бол үл хөдлөх хөрөнгийн 2 хувийг татварыг болиулах асуудлаар нийтийн өргөдөл гаргаж, 100 мянган хүний дэмжлэг авсан. Харин Байнгын хороогоор ч ороод амжсан энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтээс санал авч эхэлжээ. Иргэн өөрийн орон сууцандаа 5-аас доошгүй жил амьдарсан тохиолдолд орон сууцаа борлуулахад 2 хувийн татварыг хөнгөлөх, энэ хөнгөлөлтийг нэг удаа эдлүүлэх заалт энэ хуулийн төсөлд тусжээ.