
"Хэрэв ямар нэгэн хөлөг онгоц манай зөвшөөрөлгүйгээр, эсвэл тогтоосон маршрутаас гадуур Ормузын хоолойгоор нэвтрэхийг оролдвол, үүсэх аливаа үр дагаврыг өөрөө хариуцна."
Энэ анхааруулгыг Ираны Хувьсгалт гвардын хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй усан онгоцнуудад хүргэжээ. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол зангилаа болсон энэхүү хоолой нь Иран, АНУ хоёрын дайныг зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгах хамгийн том сорилтуудын нэг болж байна.
Энэ нь Ормузын хоолойн орчимд сүүлийн хэдэн өдөр өрнөсөн хурцадмал байдлын зөвхөн нэг жишээ юм. Энэ хугацаанд худалдааны хоёр хөлөг онгоц халдлагад өртөж, олон усан онгоц Ираны хяналтаас зайлсхийхийн тулд Оманы эрэг дагуух "өмнөд маршрут"-ыг сонгож эхэлжээ.
Гал зогсоох хэлэлцээрийн дагуу Иран нь дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэхийн тулд "хамгийн сайн хүчин чармайлтаа" гарган зохицуулалт хийхээр тохиролцсон байна. Саадгүй нэвтрэлтийг хангах нь Ираны АНУ-д хийсэн гол буулт байв.
Гэвч Ираны хувьд Ормузын хоолойг дахин нээх нь түүнд тавих хяналтаасаа татгалзана гэсэн үг биш юм. Хэлэлцээрийн тодорхой бус найруулгатай нэгэн заалтад Иран, Оман хоёр уг усан замын "ирээдүйн удирдлагыг тодорхойлох" чиглэлээр хамтран ажиллана гэж тусгасан нь Техранд түүнийг удирдахад албан ёсны үүрэг олгож буй хэрэг болжээ.
Ираны Хувьсгалт гвардын хүчин Техраны зөвшөөрөөгүй маршрутуудыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдсэн байна.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ням гарагт мэдэгдэхдээ, "ямар ч гаднын оролцоо эсвэл зэрэгцээ зохицуулалт бий болгох оролдлого нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, хурцадмал байдлыг нэмэгдүүлэн, энэхүү стратегийн чухал усан замыг дахин нээх үйл явцыг удаашруулна" гэдгийг анхааруулжээ.
Арагчи "зэрэгцээ зохицуулалт" гэж юуг хэлж буйгаа тодорхойлоогүй ч усан онгоцууд Ираны хяналтаас зайлсхийхийн тулд Оманы эрэг дагуух өмнөд маршрутыг сонгох болсон байна.
Одоо 21 милийн өргөнтэй энэ нарийн усан коридорт гурван өөр маршрут бий болоод байгаа бөгөөд хэд хэдэн тал арван арван усан онгоцны хөдөлгөөнийг зохион байгуулахын төлөө өрсөлдөж байна. Нэг нь Оманы усан хил орчмын өмнөд маршрут, нөгөө нь дайнаас өмнө ашиглагдаж байсан хоолойн дундах маршрут, харин гурав дахь нь Ираны хяналтад байдаг хойд маршрут юм. Ингэснээр усан онгоцны операторууд аль замыг сонгох талаар хүндхэн шийдвэртэй тулгараад байна.
"Энэ бүхэн усанд аюулгүй навигаци хийхэд маш их төөрөгдөл үүсгэж байна" гэж далайн эрсдэлийн зөвлөх Marisks компанийн гүйцэтгэх захирал Димитрис Маниатис CNN-д ярьжээ. Тэрээр "одоогийн нөхцөл байдал туйлын аюултай" гэдгийг мөн нэмж хэлсэн байна.
Далайн тагнуулын Windward компанийн мэдээлснээр, пүрэв гарагт Ормузын хоолойгоор 18 хөлөг онгоц Персийн булан руу нэвтэрч, 45 нь гарсан байна. Персийн булангаас гарсан усан онгоцны талаас илүү хувь нь Оманы ойролцоох өмнөд маршрутыг ашиглажээ.
Ням гарагт ч мөн Персийн булангийн боомтууд руу чиглэсэн хэд хэдэн томоохон худалдааны хөлөг өмнөд маршрутыг ашигласан байна. Тэдгээрийн дунд газрын тос тээвэрлэгч хоёр танкер, шингэрүүлсэн хий тээвэрлэгч хоёр хөлөг байжээ. Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг Marine Traffic үйлчилгээний мэдээллээр контейнер тээврийн нэг хөлөг ч мөн энэ маршрутаар явжээ.
Тээврийн компаниуд АНУ-ын хориг арга хэмжээнээс эмээж байна
Аль маршрутыг сонгох нь тодорхойгүй байгаа нь Ормузын хоолой дахь худалдааг дайны өмнөх түвшинд нь сэргээхэд хүндрэл учруулж байна. Иран, АНУ-ын удирдагчдын түвшинд тохиролцсон зүйл далайд бодит байдал дээр хараахан хэрэгжихгүй байна гэж тээврийн компаниуд үзэж байна.
Өрсөлдөж буй маршрутууд нь тэднийг төөрөгдөлд оруулж, далайн мина, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, Хувьсгалт гвардын эргүүлийн завины аюулаас гадна улс төрийн нарийн төвөгтэй нөхцөл байдлыг даван туулахад хүргэв. Хэрэв усан онгоцууд Ираны бус маршрутыг сонговол халдлагад өртөх эрсдэлтэй. Харин Ираны шаардлагыг биелүүлж, түүний хянадаг маршрутыг ашиглавал хэлэлцээр нуран унасан тохиолдолд барууны орнуудын хориг арга хэмжээнд өртөнө.
"Дэлхийн тээврийн компаниуд Ирантай харилцахаас зайлсхийхийг хүсэж байна. Учир нь ирээдүйд АНУ-ын хоригт өртөх эрсдэл бий гэж эмээж байгаа" гэж Маниатис CNN-д ярьжээ. Тэрээр "одоогийн АНУ-ын засаг захиргаанд хүмүүс маш болгоомжтой хандаж байгаа. Өмнө нь Ираны дэглэмд ямар нэгэн хураамж төлөх нь АНУ-ын хориг арга хэмжээ авах үндэслэл болж магадгүй гэж мэдэгдэж байсан" гэж нэмж хэлэв.
Иран эхэндээ нэвтрэх хураамж авахыг шаардсан ч дараа нь ийм төлбөрийг нэн даруй ногдуулахгүй гэж мэдэгдсэн. Харин далайн үйлчилгээний төлбөр болон шинэ байгаль орчны татвар ногдуулах төлөвлөгөө нь АНУ-тай холбоотон газрын тос экспортлогч араб орнуудын анхаарлыг татжээ.
Пүрэв гарагт Сингапурын бүртгэлтэй Ever Lovely хөлөг дрон халдлагад өртсөний дараа Олон улсын далайн байгууллага Персийн буланд гацсан 11000 гаруй далайчныг тээвэрлэж явсан 500 гаруй худалдааны хөлгийг бүс нутгаас гаргах хамтарсан ажиллагаагаа "нэмэлт тодорхой байдал бий болтол" түр зогсоосон. Далайн салбарын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, үүний дараа дөрвөн хөлөг буцаж эргэсэн байна.
Дайны үеэр даатгалын шимтгэл огцом өсөж, нэг маш том түүхий нефть тээвэрлэгч хөлгийг хамгаалахад эзэмшигчид нь нэг сая ам.доллар төлжээ.
Ийм төрлийн халдлага одоо ховор болсон ч даатгалын үнэ өндөр хэвээр байна. Дэлхийн тээвэр, түүхий эдийн урсгалыг хянадаг Kpler компанийн ачаа тээврийн шинжээч Мэттью Райтын хэлснээр, Ормузын хоолойгоор нэвтрэх даатгал авахын тулд усан онгоцууд аль маршрутыг сонгохоо урьдчилан мэдэгдэх шаардлагатай болжээ. "Энэ нь бүр анхны байдалдаа эргэж очсон гэсэн үг биш. Гэхдээ бид Ормузын хоолой бүрэн нээгдсэн гэх баталгаатай нөхцөлд биш, харин 60 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн хугацаанд байгааг тодорхой харуулж байна" гэж Райт хэлэв. Тэрээр "хэрэв санал зөрөлдөөнүүдийг наймдугаар сарын дунд үе гэхэд шийдвэрлэхгүй бол гурван маршрут илүү эмх замбараагүй ашиглагдах нөхцөл үүсч магадгүй" гэдгийг анхааруулжээ. Мөн "Хоёр талын хоорондын үл итгэлцэл маш өндөр түвшинд байсан учраас энэ хэлэлцээр бол сайн эхлэл" гэж Райт хэлжээ. "Гэхдээ АНУ-ын хэлж байгаа зүйл, иранчуудын хэлж байгаа зүйл хоёрын хооронд асар том зөрүү байгаа нь илэрхий" гэдгийг онцолжээ.