
Цагдаагийн ерөнхий газраас гадаадын иргэд шонхор шувуу барьсан болон Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дэх газрын тосны компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Нямрагчаа: Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор энэ онд гадаад улсад тусгай зориулалтаар гаргахаар нийт 350 шонхор шувууг барих зөвшөөрлийг нийт 11 аймаг, гадаадын дөрвөн улсын 24 иргэнд зөвшөөрөл олгосон байна. Энэ хүрээнд 11 аймагт отог байгуулах зөвшөөрөл олгосон. Уг отгын үйл ажиллагаанд хяналт тавихыг тухайн аймаг орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон байгаль орчны эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавихаар зохицуулсан. Ажлын хүрээнд гурав хоног тутамд шонхор шувууг барих отогт хяналт шалгалтыг хийж, мөн гарал үүслийн бичиг үйлдэж олгохоор хуульчлагдсан. Сүүлийн үед Төв аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан иргэн Э-д холбогдох үйлдэлд гадаад улсын нэр бүхийн иргэнээс гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Төв аймгийн цагдаагийн байгууллагаас бусдын байр сууцанд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн иргэнээс хууль бусаар отог барьж, шонхор барьсан гэх асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гадаадын иргэдээс үйл ажиллагаанд нөлөөлж, зөвшөөрөлгүй бусдын байранд орсон гэх гомдол ирсэн учир аль алийг нь шалгаж байна. ” гэв.
Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах уул уурхайн компанийн ажилчдын кемп рүү хууль бусаар нэвтэрч, зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна. Уг хэрэгт холбогдох дөрвөн иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Мөн нэг иргэнийг шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон байгаа гэж өнөөдрийн хурлаар мэдэгдлээ.