
Английн хойд хэсэгт байрлах зэрлэг амьтдын хүрээлэнгийн барын хашаа руу орсон эрэгтэй барын дайралтад өртөж, амиа алдсан гэж цагдаагийн байгууллага мэдээлэв.
Бямба гарагт орон нутгийн цагаар 13:35 цагт нэгэн эрэгтэй барын хашаа руу орсон тухай мэдээлэл ирсний дараа цагдаагийн алба хаагчид болон түргэн тусламжийн ажилтнууд Донкастер хотын ойролцоох Йоркширын зэрлэг амьтдын хүрээлэнд очсон гэж Өмнөд Йоркширын цагдаагийн газар мэдэгджээ.
Тэрбээр хэргийн газарт амиа алдсан байна. Хашаа руу хэрхэн нэвтэрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Хэрэг гарах үеэр бар гэмтэж бэртээгүй, хашаандаа байсан гэж цагдаагийн байгууллага мэдээлэв. Хүрээлэнг нүүлгэн шилжүүлж, бямба гарагийн орой хүртэл цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажилласан байна.
“Талийгаачийн ар гэрийнхэнд болсон явдлын талаар мэдэгдэж мэргэшсэн алба хаагчид тэдэнд дэмжлэг үзүүлж байна” гэж цагдаагийн байгууллага мэдэгдэлдээ дурджээ.
Мөн халдлага болохын өмнөхөн эрэгтэйг барын хашаан дотор байгааг харуулсан бололтой дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр тархаж байгааг цагдаагийн байгууллага мэдэж байгаа гэжээ. Тус байгууллага олон нийтийг сэтгэл түгшээсэн уг бичлэгийг цааш түгээхгүй байхыг уриалсан байна.
Барыг “унтуулахгүй”
Барын хашаатай холбоотой ноцтой хэрэг гарсны дараа хүрээлэнг хаасан бөгөөд ням гараг хүртэл ажиллахгүй гэдгийг хүрээлэнгээс мэдэгджээ.
“Юу болсныг яг таг тогтоохын тулд бид эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна” гэж хүрээлэн өөрийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Ням гарагт гаргасан өөр нэг мэдэгдэлдээ тус хүрээлэн амь үрэгдсэн эрэгтэйн ар гэрийнхэнд “чин сэтгэлийн эмгэнэл” илэрхийлжээ.
“Хүрээлэн өнөөдөр хаалттай байна. Болсон үйл явдалд сэтгэл санааны хувьд хүндээр өртсөн ажилтнуудад мэргэшсэн тусламж, дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгдэлд дурджээ. Мөн Алтай нэртэй бар “аюулгүй, эрүүл байгаа, түүнийг унтуулахгүй” гэдгийг баталгаажуулсан байна.
Йоркширын зэрлэг амьтдын хүрээлэн 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Нэн ховордсон Амурын барыг хамгаалах зориулалтаар тусгайлан байгуулсан 0.4 га буюу хоёр акр талбай бүхий “Барын орон” хэмээх үзмэрийг 2011 онд нээсэн байна.