Хүүхдийн зохиолч С.Надмидын охин, “Гэгээн муза”-гийн шагналт, хүүхдийн зохиолч Н.Мандалтай ярилцлаа.

Та аавынхаа “Хар нүдэн” романыг дахин хэвлэх гэж байгаа гэсэн. Эндээс яриагаа эхэлье?

Аав маань хүүхдийн зохиолоос гадна уран зохиолын маш олон хэлбэрээр бичиж байсан. Шог өгүүлэл, тууж, роман, жүжиг, кино гээд олон төрлөөр бичдэгээрээ онцлог.

Олон төрлөөр бичдэг зохиолч ховор байх?

Ховор шүү. Бичих бичихдээ нэлээд сайн ч бичиж байсан. Миний мэдэхээр орж байсан уралдаан болгондоо шагнал авч, дээгүүр ордог байлаа. Хамгийн сүүлд нэг роман бичье гэсэн зорилго байсан юм билээ. Тэр нь социализмын төгсгөлд бичиж, хэвлэх үе нь ардчиллын эхэн үед таарсан. Говийн 3 аймгийн 20 сумаар явж, тэмээний талаар судлахаас гадна тэмээтэй холбоотой домог, зүйр цэцэн үг цуглуулж, их айхтар бэлтгэл хийж, ач холбогдол өгсөн байдаг. Энэ зохиол тухайн үедээ төрийн шагналд хоёр удаа нэр дэвшсэн байдаг юм. Тэмээ, говийн талаар ийм судалгаатай бичсэн зохиол бараг байхгүй учраас дахин хэвлэх юмсан гэдэг бодол эртнээс надад байсан л даа. Тэгж байтал Монголын уран зохиолын дээжис 108 боть хэвлэгдэж, түүнд аавын энэ зохиол багтсан гэхээр нь би ч дахин хэвлэх хэрэг байна уу бодсон. Сүүлд уран зохиол сонирхогчдын дунд болсон “100 роман” гэдэг хэлэлцүүлгээс харж байхад хүмүүс голдуу сүүлийн үеийн романуудыг л яриад байх юм. Одооны улс чинь 3 сарын дотор роман биччихдэг болсон юм байна шүү дээ. Гэтэл миний аав гэхэд бүтэн жилээ зарцуулж, Монголын говиор бүтэн явж материал цуглуулж, нэртэй зохиолчдоор эх нооргоо уншуулж, зөвлөгөө авч байж бичсэн бүтээл нь ямар ч номын дэлгүүрт ил байхгүй байна. Тиймээс дахин хэвлэхээр шулуудаад, 108 ботиос эхийг нь татуулсан чинь хэдэн хуудас хаяад бичсэн, үгийг нь зөрүүлсэн гээд зах замбараа алга. Монголд устах гээд байгаа тэр гоё үгнүүд, ялангуяа мал аж ахуйтай, тэмээтэй, говьтой холбоотой үгнүүдийг дураараа солиод таамгаар биччихсэн байх жишээтэй. Тэмээг туухыг гилэх гэдэг юм байна. Гэтэл чиглээд гээд өөрчилсөн байх жишээний.

Гилээд гэдгийг чиглээд болгоно гэдэг чинь андуурах биш зориуд сольсон шахуу юм биш үү?

Харин тийм. Тэгээд бүр анхны эхээр нь гаргая гэсэн хорхойсол улам дэвэрч, өнөөдөр хэвлэлтэд шилжүүлчхээд сууж байна. Энэ бол номын сангуудад байх ёстой, унших ёстой ном. Энэ бол зүгээр нэг ойр зуур галт тэргэнд, эмнэлгийн орон дээр уншдаг зохиол биш. Дотроо асар олон ухааныг агуулж байдаг юм байна.

Ганц Надмид гуайн зохиол ч биш 108 ботийг нийтэд нь шивэх гэж балласан шиг байгаа юм?

Шивнэ гэдэг хүнд хөдөлмөр л дөө. 108 боть эмхлэх ажлыг зориглоод хийсэн нь сайхан ч Монголын сор болсон зохиолчдын бүтээлүүд ийм их алдаатай хэвлэгдсэн бол хамгийн харамсалтай. Түүнийг нь дараа үеийнхэн тэр чигээр нь татаж аваад ашиглаж байна. Тэд хаана нь ямар үг сольж, хольсныг мэдэхгүй шүү дээ. Гэтэл зохиолч хүн тэр нэг үгийг оноож олох гэж ямар их эрэл хайгуул хийж, утга агуулгаа зангидсан билээ.

Та хэдийнээс хүүхдийн зохиол бичиж эхлэв. Аавын нөлөө, өгөгдөл байгаа байх?

Аавын нөлөөгөөр номын амтанд орсон байж таарна. Намайг нэлээд багаас “Мандал аа орой ирэхэд энийг зассан байгаарай” гээд нооргоо үлдээдэг байсан. Ер нь багаасаа зохиолч болно гэж боддог, зохиолч хүн л хамгийн том нь юм шиг санагддаг байсан. Гэтэл тэр чиглэлийн хуваарь ирсэнгүй, орос хэлний анги арай дөхүү юм гээд орсон. Гэтэл орос хэлэндээ шимтээд нөгөө зохиолч болохоо мартчихав аа. Орос хүн шиг сайхан юм байхгүй санагдаад, орос хүний инээд нь ч, нулимс нь ч, хулмас нь хүртэл гоё үнэртээд эхэлдэг юм. Тэгээд орос хэлний багшаар төгсөөд, хотын эвлэлийн хороонд хуваарилагдлаа. 14-р сургуулийн эвлэлийн хорооны даргаар томилолт аваад ажилласан чинь тэр улс төрийн ажил гэдэг чинь хачин гоё санагдаад, хэсэг дарга царайлж явлаа. Яваандаа тэр сургуулийнхаа пионерын удирдагч боллоо. Бас гоё ажил юм аа. Тэгж байтал гэр бүлтэй боллоо, төрлөө. Хүүхэдтэй болох чинь яасан гоё юм. Хүүхдээ бодохоор л гудамжинд явж байгаад инээд хүрээд, баярлаад. Ингэсээр байтал нэг мэдсэн 1999 он болдог юм. Тэр жил Зохиолчдын эвлэлийн 70 жилийн ой болсон. Зурагт харж байсан чинь Ичинхорлоо, Хулан хоёр том зохиолч нартай зэрэгцээд суучихсан, мөрийг нь алгадаад, тас тас хөхрөөд байж байна. Тэгэнгүүт би санадаг байхгүй юу. “Хүүе, би чинь зохиолч болно гэж боддог байснаа яагаад таг мартсан юм бол” гээд. Тийм тэнэг хүн шүү дээ, би. Яг тэр үеэ би санадаг юм. Унтлагын өрөөний хаалганы хажууд зогсчихсон, будгийг нь хуруугаараа илэнгээ зохиолч болох байснаа бодож зогссоноо санадаг юм. Тэр бодлоосоо ч болсон уу, нэг жил Орост очоод байхдаа гэрээ санаад шүлэг бичдэг байхгүй юу. Эргэж ирчихээд найзууддаа тэрийгээ уншиж өгч яваад дэвтрээ алга болгочихдог юм. Дахиад биччихье гэтэл шүлэг чинь тэр хэвээрээ дахиж орж ирдэггүй юм билээ шүү дээ. Тэгээд бодлоо. Тэр санаануудаа оруулсан тууж юм уу, өгүүллэг ч юм уу ганц юм л бичье. Тэгээд л боллоо. Надад одоо зохиолч болох хүсэл ч алга, нас ч оройтлоо гээд өөртөө л ганц юм бичье гэж шийдсэн. Нэг хавар оросуудыг дуурайж, газар хагалаад, луувангийн үр суулгаж суутал үүнийг хүншүүлээд зохиол болгоод бичвэл яадаг юм гэсэн бодол орж ирдэг юм. Биччихээд уншина, унших тоолондоо засна. Тэгж байгаад аавдаа уншиж өгтөл “Зүгээр шүү” гэж байна. Ингээд анхны өгүүллэгээ улаан луувангаар бичиж байлаа.

Хүүхдийн зохиол уу?

Уг нь би том хүнийх гэж бичихгүй юү. Томоо гээд эр лууван гол дүртэй. Ургац хураалт, шашин, хайр дурлал гээд юм юм болж байгаа том хүний зохиол гэж бодож бичсэн юм. Тэгтэл аав “Одоо чи нэг төмсөөр оролдоод үзээч. Төмс чинь гэр бүлээрээ ургадаг ургамал” гэхээр нь “Үгүй, би ганц л зохиол бичнэ гэж бодсон, тэрийгээ бичсэн. Тэгээд ч би одоо төмс бичээд сууж байх уу” гээд том том юм ярьж байгаа юм. Тэр зун их халуун, хүлэмжээрээ явж байтал нүдний үзүүрт нэг бөндийсөн юм харагдана. Хүрзээр хөдөлгөсөн чинь төмс. Тэгтэл төмсний үндэс чийг хайгаад, тарьсан газраасаа бүр хол явчихдаг юм билээ. Тэрийг хараад л ерөөсөө зохиол бичдэг хэрэг гээд “Бондхой”-г бичсэн. Тэр хүмүүст их хүрсэн. Засаж хуулсаар байгаад 25 удаа засаж бичсэн ноорог байдаг юм. Аавд хэлсэн чинь “Наадах чинь юу ч биш, Толстой “Анна Каренина”-гаа хэд хуулсан гэж бодож байна. Тэр зузаан романыг 39 удаа хуулсан байдаг” гэж байгаа юм.

Гараар хуулсан гэсэн үг, тийм ээ?

Тэгэлгүй яах юм. Нэг үг буруу болчих л юм бол дахиад шинээр эхэлж бичнэ шүү дээ. Гар хөшөөд, өвчин ороод ярих юм биш. Тэгж суухад манай байрны гадаа хэдэн юм өдөржин хөзөр тоглодог. Тэрийг хараад “Эд ямар аз жаргалтай юм бэ, би өдөржин энд зовж суухад, эд тоглоод л” гэж бодох. Номоо хэвлүүлсний дараа нөгөө хэдийг хартал бас л тоглож сууна. “Би ном хэвлүүлсэн байхад эд нар ингээд л суудаг. Би яасан жаргалтай, эд яасан азгүй юм бэ” гэж бодно. Өмнө нь номоо хэвлүүлэх гээд аавд хэлтэл “Хөдөө ажилтай явах гэж байна. Эвлэлийн төв хороонд байсан Пүрэвдагва гэж хүн “Цоморлиг” гэж хэвлэлийн цех ажиллуулдаг. Надмидын охин байна гэж хэлээд яваад оч” гэж байна. Очтол гар бичмэл юм уу гээд голонгуй, үлдээчих ээ л гэж байна. Би буцаж явахдаа “Энэ хүн уран зохиол мэддэггүй хүн байгаасай. Уншилгүй шууд хэвлэчихээсэй” гэж бодож явсан. Тэгтэл удалгүй утасдаад, “хүрээд ир” гэж байна. Очтол зохиолыг маань их магтаж байна аа, Монголын зохиолчдыг ичээх зохиол байна гээд л.

Хэдэн он билээ?

1999 оны намар. Тэгтэл тэр хүн маань Монголын нэрт орчуулагч Н.Пүрэвдагва гуай байсан юм билээ. Ингээд анхны номоо 1000 ширхэг хэвлүүлж байсан.

Өнөө төмсөөрөө юү?

Төмс, улаан лууван хоёроороо. Дэлгүүрт тавилаа, аавд 10 ширхэг ном, нэг шил архитай аваачиж өглөө. Номыг маань уншсан Ч.Оюунцэцэг гэж сэтгүүлч намайг сонин дээр бас их магтжээ. Тэгээд ер нь хүмүүсийн үгнээс урам аваад зохиол бичиж эхэлсэн дээ. Аав маань анхны ном гарснаас хойш 5 жилийн дараа өөд болсон.

Эд юмсыг хүншүүлж бичнэ гэдэг бас чадвар байх шүү. Тэр тусмаа анхны зохиолоо хүншүүлж бичих санаа төрсөн нь сонирхолтой юм?

Аавд навч, цэцгийг хүншүүлж бичсэн зохиол байсан л даа. Бусад уншсан зохиолд ч байсан байх. Анх яагаад ч юм хүншүүлээд бичье гэдэг санаа төрж байсан. Миний гол дүр бол жоом ч, загас ч, ургамал ч, янз бүрийн л юм байдаг.

Хүүхэлдэйн театрт та ажиллаж байл уу, зүгээр зохиолоо нийлүүлдэг байл уу?

Зохиол захиалж авдаг байсан. Миний бичсэн долоон жүжиг байдгаас 3-ыг нь Хүүхэлдэйн театрт, бусдыг нь орон нутагт тоглосон. Өвөрхангай аймгийн театрт тоглодог “Хамгийн том олз” жүжгээрээ 2017 онд театрын шилдэг зохиолч болж, “Гэгээн Муза”авсан шүү дээ.

Хэчнээн төрөл жанраар, хэдий тооны уран бүтээлтэй болсон байна вэ?

Төрлийн хувьд романаас бусдыг бичиж. Комик цувралаа оруулаад тоолоход 65 ном гаргасан байна лээ. 7 жүжиг, 1 анимешн, телевизийн 10 ангит цуврал байна.

Бүгд хүүхдийнх үү?

Тийм ээ. Би дунд сургуулийн багш олон жил хийсэн болохоор хүүхдийн сэтгэлзүйтэй их ойр байсантай холбоотой байх.

Та бас сүүлийн үед хуруун хүүхэлдэй өөрөө тоглонгоо зохиолоо ярьж өгдөг болсон. Тэрийг хүүхдүүд их сонирхох юм аа?

Тэр санаа санамсаргүй бий болсон юм. Анх нэг цэцэрлэгээс намайг урихгүй юу. Цэцэрлэгийн хүүхдэд улс тунхагласны баяраар юу ярьдаг билээ гэж бодлоо. Гэрт манай хүүхдийн тоглоомон дотор матар, сармагчин хоёрын чихмэл байж байна. Тэрийг гартаа углаад үзсэнээ нээрээ үүгээр дүр үүсгээд, өөрийн зохиолоо яриад өгчихвөл яадаг юм гэж бодлоо. Маргааш нь очоод тоглоод өгсөн чинь хүүхдүүд их дуртай байна аа. Тэгтэл 14-р сургуулиас уулзалт хийгээд, ном уншаад өгөөч гэнэ. Өнөө хүүхэлдэйгээ авч очоод тоглотол дуртай байна гэж жигтэйхэн. Энэ мэтээр сайжруулаад, дүр нэмээд явдаг болсон. Одоо бүр дуутай, бүжигтэй хөөрхөн л боллоо. Дээр нь миний хоолой олон хувирч дуугарч болдог нэлээд өвөрмөц юм шиг байна лээ. Сая эмнэлгээр явахад эмч “Таны хоолойн бүтэц бусдаас их өөр юм” гэсэн.

Манайд хүүхдийн зохиолчид хэр байдаг вэ, хөгжлийн хувьд ямар шатандаа яваа талаар таны бодол?

Зөндөө бий. Хамгийн гол нь сонирхлоос гадна авьяас гэж нэг юм хэрэгтэй. Хүүхдэд зориулсан гэхээр хөнгөн, амархан юм гэж боддог байж болох юм. Сэтгэхүйд нь нийцүүлж бичнэ гэдэг айхтар юм бий. Тэр утгаараа хүүхдийн зохиолыг их мэдрэмж, ур чадвар шаардсан төрөл гэж ярьдаг. Хүүхдийн уран зохиолын гол үүрэг бол төсөөлөн бодох чадварыг нь хөгжүүлж, таашаал өгөх. Түүнээс биш мэдлэг олгох бол нэн тэргүүний үүрэг нь биш. “Харри Поттер”-ыг хар л даа. Цэвэр уран сэтгэмж шүү дээ.