Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард Тайландын Бангкок хотод болсон. 29 орны жүдочдоос Монголын баг хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар наймдугаар байрт жагссан юм.
Манай эмэгтэй жүдочид энэ удаа тивийн аваргад мөн л онцгой байж, эрчүүдээсээ илүү өндөр амжилт гаргалаа. Хамгийн сонирхолтой нь гурван мөнгөн медальтай Арабын нэгдсэн Эмират улсын баг манай дээр буюу зургаадугаар байрт бичигдэж, тивийн аварга шалгаруулах тэмцээнийг онцгой амжилттай өндөрлүүлсэн. Сүүлийн жилүүдэд легионер тамирчдыг багтаа авч жүдогийн амжилтаа ахиулж буй арабууд энэ удаа ч өнгөтэй байв. Гэхдээ тэдний амжилтад Монголын гэх нэр бичигдэж байгаа нь анхаарал татлаа. Дотоодын жин хүчтэй болсон энэ үед залуу насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр олон жүдоч гадаадын орны өмнөөс барилдах нь элбэг болсон. Энэ амжилтыг Бишрэлтийн Хорлоодой гэх эмэгтэй үзүүлж байна. Энэ жил 26 настай тэрээр 2023 оноос эхлэн Арабын Нэгдсэн Эмират улсын нэр дээр барилдах болсон. 2024 онд Ази тивийн аварга болж байсан Б.Хорлоодой энэ жил мөн финалд шалгарсан амжилтыг үзүүллээ. Энэ нь Арабын Нэгдсэн Эмират улс багийн дүнгээр тэр дундаа эмэгтэй баг нь медаль хүртэж буй орны тоонд орж ирэх болсон. Гэхдээ энэ үүргийг Монголын жүдоч биелүүлж байгаа нь бахархал юм.
Б.Хорлоодойгийн аав хурдан морь уядаг уяач хүн. Түүний бага нас Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өнгөрчээ. Уяач аавыгаа дагаж явсан охин хурдан морь унаж, хөвгүүдтэй барилдах дуртай нэгэн байжээ. Б.Хорлоодой дунд сургуулийн тавдугаар анги хүртлээ хурдан морь унаж, наадмаас наадмын хооронд аав, найз нөхдөө дагаж явдаг байсан нь спортод ойр байх гол суурь нь тавигдсан байна. Тэрээр хурдан шаламгай учраас хөнгөн атлетикийн спортоор ч амжилт гаргаж байжээ. Гэхдээ долоодугаар ангид ордог жилээ жүдо бөхөөр хичээллэх болж, Б.Очир дасгалжуулагчийн шавь болсон түүхтэй. Түүний аав нь Өвөрхангай аймгийн “Алдарт уяач” бол ээж нь дунд сургуулийн багш. Аав, ээж нь Б.Хорлоодойг жүдо бөхийн спортыг сонгоход татгалзаагүй бүр дэмжиж байсан нь өнөөдрийн амжилтад гол нөлөө болжээ.
2021 оны ДАШТ-ий 52 кг-ын жинд шагналт тавдугаар байрт орж байсан Б.Хорлоодой дотооддоо гол өрсөлдөгчийн нэг болсон. Энэ нь Монголын жүдочдын хамгийн их анхаарал татсан жин. Тиймээс өрсөлдөөн ихтэй. Мэдээж дотоодоос гарч ирэхийн тулд том шалгуурыг давна. Иймээс Б.Хорлоодой 2022 оны эцсээр Арабын Нэгдсэн Эмират улсын легионер тамирчин болсон юм. Тэр Арабад очоод Тажикстан улсад болсон “Душанбе 2023” тэмцээнээс анхны хүрэл медалиа авчээ. Энэ амжилтын араас түүний ялалтууд тасраагүй.
Б.Хорлоодой дөрвөн жилд нэг удаа болдог, цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож байсан “Ханжоу 2022” Азийн зуны спортын наадмаас мөнгөн медаль хүртэж, жингийн өрсөлдөгч Л.Сосорбарамын хамтаар шагналын тавцанд зогсож байв. Улмаар “Хонконг 2024” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, тивийн аварга болсноор АНЭУ-ын төрийн дууллыг эгшиглүүлсэн түүхтэй. Тэр бол тамирчин хүнд байх хатуу зориг, тэсвэр хатуужлыг харуулсан залуу насны мөрөөдлөө хаяж чадаагүй. Хэдийгээр энгэртээ харийн орны далбааг зүүсэн ч Монголын Б.Хорлоодой монголоороо байх юм.
Өнгөрсөн жил Франц улсад болсон зуны олимпын наадамд барилдаж эхний ялалтаа авсан гээд түүний амжилт тодоос тод бичигдсээр байна.
“Б.Хорлоодой хэцүү ч үеийг давж чадсан”

Жүдоч Б.Хорлоодойн талаар Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одтой ярилцлаа. Түүнийг 10 жилийн өмнө шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байх үед жүдог мөрөөдлөө болгосон өсвөрийн тамирчин Б.Хорлоодой аав, ээжтэйгээ ирж байжээ.
Таныг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байх үед жүдогоор барилдах сонирхолтой охид ирж байсан гэдэг. Тэдний нэг нь Б.Хорлоодой байжээ?
Тиймээ, намайг шигшээ багийн дасгалжуулагч байх үед буюу 2015 онд Б.Хорлоодой Өвөрхангай аймгаас ирж байсан. 16 настай охин жүдод дуртай болсноо хэлж, илүү сайн бэлтгэл хиймээр байна гэдгээ хэлж байв. Аав, ээж нь охиныхоо мөрөөдлийг дэмжиж байгаа нь таалагдсан. Тухайн үед шигшээ багт орох хэмжээний байгаагүй. Б.Хорлоодой маш хурдан сайжирсан. Хэцүү ч үе байлаа. Гэхдээ тэр бүхнийг давж чадсан. Мэдээж тамирчин хүний замналыг сонгосон бол их том зорилго тээх нь ойлгомжтой. Ямар ч тамирчин ид барилдаж байгаа үедээ олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргахыг хүсдэг. Энэ сонголт манай тамирчдад элбэг тохиолдож байна.
“Парис 2024” олимпын наадмын өмнө манай жүдочдод сонголт их байсан. Магадгүй тэдний нэг нь Б.Хорлоодой. Гэхдээ мэдээж тэр зорилгоо орхиж чадсангүй?
Дотоодын өрсөлдөөн хүчтэй болж, жүдо бөхөөр хичээллэж байгаа залуус их боллоо. Хэн хүчтэй нь олимпод явна шүү дээ. Б.Хорлоодойгийн хувьд ялгаагүй ийм л сонголт байсан. 2024 оны зуны олимпын наадмын өмнө манай жүдочдод сонголт их байлаа. Б.Хорлоодой чансааны өндөр оноотой байсан. Дэлхийд өрсөлдөх хэмжээний бэлтгэгдсэн тамирчны нэг болчихсон байна гэхээр анхаарал татахаас аргагүй тамирчин. Тиймээс Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдах сонголтоо хийсэн. Арабад өмнө нь гадаадын легионер тоглогч байсан. Миний мэдэхийн -52 кг-ын жинд Румын улсын эмэгтэй байсан. Гэхдээ тогтвортой амжилт үзүүлж чадаагүй. Харин Б.Хорлоодой Арабад очсоноос хойш эмэгтэй багийн амжилт нь эрс сайжирлаа. Сүүлийн хоёр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд маш өндөр амжилт үзүүллээ. Мөн Олимпын наадамд барилдлаа. Мэдээж Олимп, ДАШТ бол тамирчин хүн бүрийн хүсэн хүлээдэг тэмцээний нэг. Ер нь яг ид барилдаж байх үедээ өөрийн зорилгоосоо ухарч болохгүй. Тиймээс Б.Хорлоодойгийн хувьд ч мөн мөрөөдлийнхөө төлөө явж байна. Анх шигшээ багийн дасгалжуулагч байхад над дээр ирж байсан болохоор байнга анхаарал татна.
Манай жүдочид сүүлийн хоёр олимпоос өндөр амжилттай ирлээ. Жүдог сонирхох залуус их боллоо гэж харж байна?
Бидний залуу үе жүдо бөхийн спортыг сонгож байгаад баярладаг. Мэдээж энэ хэрээр дотоодын өрсөлдөөн өндөр болсон. Энэ жилийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2025 тамирчин оролцож байна гэхээр сонирхогчийн хүрээлэл эрс нэмэгдлээ. Орон нутгаас тэр дундаа Баян-Өлгий, Хөвсгөлийн Хатгал сумаас хүртэл өсвөрийн жүдочид ирж байна. Б.Хорлоодой ялгаагүй л дунд сургуулийн сурагч байхдаа жүдог сонгож, одоо дэлхийд өрсөлдөх хэмжээний тамирчин болчихлоо.