
Израилийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху АНУ, Ираны хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан ч Израил Ливан болон Сирийн эзэлсэн газар нутгаас цэргээ гаргахгүй гэж мэдэгдлээ.
Нетаньяху даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Израилийн арми Ливанд эзэлж буй ойролцоогоор 570 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт хэвээр үлдэнэ гэж хэлжээ. Иранаас дэмжлэг авдаг Хезболла бүлэглэлтэй хийсэн мөргөлдөөний улмаас 3000 гаруй хүн амь үрэгдээд байна.
Тэрээр “Бид Ливан дахь аюулгүй байдлын хамгаалалтын бүсэд шаардлагатай хугацаанд үлдэх болно” хэмээн мэдэгджээ.
Одоогоор албан ёсоор баталгаажаагүй мэдээллээр Иран, АНУ-ын баасан гарагт байгуулах гэж буй хэлэлцээрт Ливаны асуудал мөн багтаж байгаа аж. Тиймээс Нетаньяхугийн мэдэгдэл эмзэг байгаа гал зогсоох тохиролцоонд нэмэлт дарамт учруулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Хэлэлцээрийн талаар ням гарагт зарласан Шехбаз Шариф харилцан ойлголцлын санамж бичигт “Ливаныг оролцуулан бүх фронтод цэргийн ажиллагааг нэн даруй, бүрмөсөн зогсоох” заалт орсон гэж мэдэгдсэн юм.
Израиль 2023 оны аравдугаар сараас хойш Хезболлатай дайтаж байгаа бөгөөд 2024 оны аравдугаар сард хил дамнасан ажиллагаагаа өргөжүүлжээ. Үүний дараа Ливанд бүрэн хэмжээний довтолгоо эхэлсэн. Одоо Израил өмнөд Ливаныг дайран өнгөрдөг Литаны голоос цаашхи нутаг дэвсгэрийг эзлэн хянаж байна.
Гэсэн ч Нетаньяху Израил Ираны “террорист гар хөлүүд”-ийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж онцлон “Ираны эсрэг үргэлж сонор сэрэмжтэй байх шаардлагатай” гэжээ.
Ням гарагт Израил Бейрутын захын дүүргүүдэд цохилт өгч, гурван хүний аминд хүрсэн байна. Энэ халдлагыг Ираны хувьд АНУ-тай хийж буй хэлэлцээрийн “улаан шугам”-ыг давсан үйлдэл гэж үзжээ.
Мэдээллүүдээр уг цохилт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг бухимдуулжээ. Энэ мэдэгдэл гал зогсоох хэлэлцээрт хүрэх үйл явцад саад учруулж магадгүй гэж тэр болгоомжилж байсан аж.
Гэсэн ч Техран хариу арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан ч хэлэлцээртэй холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг ням гарагийн орой байгуулагдсан байна.
Мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Нетаньяху АНУ-Ираны хэлэлцээр бий болж байгаатай холбоотойгоор Трамптай хаалттай хаалганы цаана санал зөрөлдөөнтэй байсан аж. Израилийн сөрөг хүчин болон барууны хүчнүүд түүнийг уг хэлэлцээрээс сэргийлж чадаагүй гэж шүүмжилж байгаа юм.
Израилийн хатуу байр суурьтай улс төрчид Ирантай хийж буй дайны төгсгөл нь Ливан, Сири, мөн Газ дахь цэргийн ажиллагааг зогсооход хүргэнэ гэж болгоомжилдог. Израил одоогоор Газын зурваст ойролцоогоор 1000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хяналтдаа байлгаж байгаа гэж мэдээлжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Нетаньяху Трамптай бүх асуудал дээр санал нийлдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Ираны эсрэг хийсэн дайныг Израилийн ялалт гэж тодорхойлсон.
Тэрээр “Олон асуудал дээр бид санал нэг байдаг, зарим асуудал дээр санал зөрдөг. Би Израилийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хариуцдаг хүн. Би түүний төлөө зогсдог. Иран өнөөдөр ч, маргааш ч цөмийн зэвсэгтэй болохгүй. Бид террорист дэглэмийн удирдагчдыг устгаж, тэдний террорын үйлдвэрүүдийг сүйрүүлсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Израилийн Батлан хамгаалахын сайд Израйл Кац мөн Израил 2023 оноос хойш эзэлсэн газар нутгаасаа гарахгүй гэж мэдэгдсэн юм.
“Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бид хоёр Израилийн армийг Ливан, Сири, Газ дахь аюулгүй байдлын бүсүүдэд хугацаа тогтоолгүйгээр үлдээх тодорхой бодлого хэрэгжүүлж байна. Энэ нь Израилийн хил болон хотуудыг жихадист бүлэглэлүүдээс хамгаалахад чиглэж байгаа” гэж Кац хэлжээ.
Мөн “Одоогийн болон ирээдүйн ямар ч дарамт шахалт байсан бид Израилийн армийг Ливанаас гаргахыг эсэргүүцнэ” гэдгийг онцолсон байна.