
Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн.
Улмаар Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, өнөөдрийн байдлаар хүүхдийг төрснөөс эхлэн 15 нас хүртэл 13 халдварын эсрэг 9 төрлийн вакцинаар дархлаажуулж байгаа аж.
Шинэчлэгдэн батлагдсан товлолын дагуу ХПВ-ийн халдварыг эсрэг дархлаажуулалтыг Монгол Улс 2024 онд нэвтрүүлж эхэлсэн ба товлолын дагуу хүйс харгалзахгүйгээр 11 настай хүүхдийг дархлаажуулж байна. ДЭМБ-аас шинэ вакцин нэвтрүүлсэн улс, орныг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг хийхийг зөвлөмж болгодог бөгөөд Монгол Улс ХПВ-ийн эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээтэй нэгтгэн 2026 оны тавдугаар сард зохион байгуулжээ.