
Уганда улсын Kidepo Valley National Park цэцэрлэгт хүрээлэнд 40 гаруй жилийн дараа хирсийг дахин нутагшуулжээ.
Мягмар гараг(2026.03.17)-т өмнөдийн цагаан хирс (southern white rhino)-ийн 2 бодгаль шилжүүлэн авчирсан бөгөөд нийт 8-ыг нутагшуулах төлөвтэй байгаа аж. Сүүлчийн хирс 1983 онд хулгайн анчдын гарт өртөж устсан бөгөөд тухайн үед Уганда даяар 700 орчим хирс байсан гэдэг.
Угандагийн Зэрлэг байгалийг хамгаалах байгууллагын захирал Жеймс Мусингузи “Энэ бол хирсний шинэ түүхийн эхлэл” гэж мэдэгдсэн байна.

Хирсийг нийслэл Кампалагаас 100 км зайд орших Хакасонгола дахь хувийн аж ахуйгаас шилжүүлжээ. Одоогоор хамгаалалтын бүс, хашаа, хяналтын систем зэргийг бүрдүүлсэн бөгөөд хулгайн антай тэмцэх ажиллагаа үргэлжилж байна.
International Union for Conservation of Nature байгууллагын ангиллаар өмнөд цагаан хирс нь “устах аюулд орсон” ангилалд багтдаг бөгөөд дэлхий даяар 10 000 гаруй бодгаль үлдсэн байна.