
Ойролцоогоор 1000 гаруй жилийн түүхтэй “Байёгийн хивс” Лондон дахь Британийн музейд есдүгээр сараас 2027 оны долдугаар сар хүртэл дэлгэгдэж байгаа ч үзэсгэлэнтэй холбоотой хүртээмжийн маргаан дэгдээд байна.
Учир нь доктор Юсуф Али Осман музейн эсрэг хууль зүйн арга хэмжээ авч, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аудио тайлбарт аялал зохион байгуулаагүй нь Их Британийн "Equality Act"-тай зөрчилдөж болзошгүй гэж үзжээ. Тэрээр долдугаар сард музейгээс шууд аудио тайлбарт аялал хийх эсэхийг тодруулахад тухайн үед ийм хөтөлбөр төлөвлөөгүй гэсэн хариу авчээ. Музейн зүгээс хивсийг гэрэлд байлгах хугацаанд хатуу хязгаарлалт тавьдаг тул танхимд оруулах хүний тоо болон зохион байгуулалттай арга хэмжээг хязгаарлах шаардлагатай гэж тайлбарласан байна.
Маргаан олон нийтэд ил болсны дараа Британийн музей үзэсгэлэнгийн хугацаанд биечлэн зохион байгуулах аудио тайлбарт аялал хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд мөн музейн аппликэйшнд тусгай аудио тайлбар оруулах боломжийг судалж байна.
Музейн мэдээлснээр одоогоор үзэсгэлэнг хүртээмжтэй болгоход мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, зочдод зориулсан мэдрэхүйн газрын зураг зэрэг хэрэгслүүдийг ашиглаж байгаа аж. Харин Османы өмгөөлөгчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээг урьдчилан тооцож, тэднийг бусад зочдоос дор үзэхгүй байх зохистой арга хэмжээ авах үүрэг хуулиар бий гэж үзэж байна.
Ийнхүү 70 метр урт, 1066 оны Норманы байлдан дагуулалтын үйл явдлыг дүрсэлсэн ховор дурсгалын үзэсгэлэн нь түүх, урлагийн үнэ цэнээс гадна музейн хүртээмжийн бодлогын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд орууллаа.