
Анх удаа 48 баг өрсөлдөх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үлдсэн зургаан эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд эхэллээ.
Өнгөрсөн шөнө Европ бүсийн хагас шигшээ тоглолтоос найман баг финалд өрсөлдөх эрхийг авсан. Тэгвэл тив хоорондын плэй-оффын хоёр тоглолт өнөөдөр болж, Ямайк, Боливи улсын багууд сүүлийн ганц тоглолтод шалгарлаа. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 31-д Азийн бүсээс шалгарсан Ирактай Боливи, харин Бүгд найрамдах Конготой Ямайкын багууд тоглохоор боллоо. Энэ тоглолтод ялалт байгуулсан багууд АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-ий сүүлийн хоёр эрхийг авах юм.
Ирэх долоо хоногийн лхагва гарагт 48 баг бүрэн тодорсноор олон улсын хөлбөмбөгийн холбоо дараагийн шийдвэрийг танилцуулах юм.
