
Наадам дөхөж буйтай холбоотойгоор цахим орчинд "Наадмын тасалбар олноор зарна", "Үнэгүй хүргэж өгнө" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилах хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байгаа аж.
Цагдаагийн байгууллагад “Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгджээ. Тодруулбал, иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу холбогдож 6 ширхэг тасалбар авахаар 2 сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулсан байна.
Иймд иргэд та бүхэн баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, найдвартай эсэхийг сайтар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.