
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2026 оны эхний улиралд нийгмийн даатгалын сангийн орлого 1 903.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 330.4 тэрбум төгрөгөөр буюу 21 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 292 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 29 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 1 692.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.9 тэрбум төгрөгөөр буюу 17.2 хувиар өссөн байна. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 184 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 42.6 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас 2026 оны эхний улиралд 528.4 мянган иргэнд нийт 1 510.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчдын тоо 14.6 мянгаар (2.8 хувь), олгосон тэтгэврийн хэмжээ 184.4 тэрбум төгрөгөөр (13.9 хувь) өссөнийг харуулж буй.
Нийт тэтгэвэр авагчдын 79.9 хувь нь өндөр настны, 11.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4.4 хувь нь цэргийн, 4.0 хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид байна.