
Лхагва гаргийн орой Сан-Фернандогийн хөндий дэх Мурпарк хотод орон нутгийн сонирхогчдын лигийн өөр нэг багтай хийх нөхөрсөг тоглолт эхлэх гэж байлаа. Талбай дээр байгаа Arya FC-ийн бүх 11 тоглогч Иран эсвэл Иран гаралтай америкчууд юм.
Эндээс 50 хүрэхгүй милийн зайд орших Инглвуд дахь СоФай цэнгэлдэх хүрээлэнд, Ираны шигшээ баг өмнө тохиолдож байгаагүй нөхцөлд анхны тоглолтоо хийх гэж байна.
Дэлхийн аваргын түүхэнд анх удаа зохион байгуулагч орон тэмцээнд оролцож буй улсын нэгтэй дайтаж буй. Хэдийгээр мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрийн найдвар нэмэгдэж байгаа ч визийн саатал, цагаачлалын хязгаарлалт, аяллын хориг зэрэг нь Ираны шигшээ багийн оролцоог зохион байгуулалтын төдийгүй бэлгэдлийн хувьд ч ойлгомжгүй болгожээ.
Ираны эхний тоглолт ойртох тусам Arya FC-ийн тоглогчид соёлын үнэмшил, спорт, улс төрийн огтлолцолд улам ойртоно.
Өмсгөлөөс нь эхэлье.
“Дунд нь Аллахын тэмдэг оруулах уу, эсвэл Нар ба Арслангийн бэлгэдлийг оруулах гэсэн маргааныг та сонссон байх” гэж Адели хэлэв. Тэр өмсгөлийн загвараар багийнхаа иран гаралтай өв уламжлалыг харуулахыг хүссэн ч аль далбааг ашиглах тухай маргаанд оролцохыг хүсээгүй байна.
Ираны албан ёсны төрийн далбааны цагаан зурвасын төв хэсэгт Исламын бэлгэ тэмдэг байдаг бөгөөд “Аллах Акбар” буюу “Бурхан агуу” гэсэн үгийг бичсэн байдаг.
“Энэ бол миний далбаа биш. Миний хувьд энэ бол террорист байгууллага, Ираны төгсгөл” гэж Arya FC-ийн хамгаалагч, цагаачлалын хуульч 61 настай Рамин Гашгаэй хэлжээ.
Далбаанд ямар утга “агуулагдана” вэ?
Түүний үзэл бодлыг АНУ дахь олон иран хүн дэмждэг. Тэд 1979 оны хувьсгал хүртэл олон зуун жилийн турш хэрэглэж байсан түүхэн далбааг илүүд үздэг. Өнөөдөр тэр далбаа нь Ираны Исламын засгийн газрын эсрэг хүчнүүдтэй холбогддог болжээ.
“Нар ба Арслан”-гийн гэгддэг тэрхүү далбаанд муруй сэлэм өргөсөн алтан арслан өнөөгийн Исламын бэлгэ тэмдгийн оронд байрлуулан дүрсэлсэн байдаг.
Гэвч хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллага болох FIFA Дэлхийн аваргын тэмцээний үеэр “улс төрийн, доромжилсон эсвэл ялгаварлан гадуурхсан шинжтэй” туг, хошуу, хувцас хэрэглэл болон бусад эд зүйлсийг цэнгэлдэх хүрээлэнд авч орохыг хориглодог.
Нар ба Арслангийн далбааг цэнгэлдэх хүрээлэнд оруулахыг зөвшөөрөх эсэх талаар асуухад FIFA энэ журмаа эш татсан нь Ираны хөгжөөн дэмжигчид болон гадаад дахь иранчуудын дургүйцлийг төрүүлжээ. Ираны эхний тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Гэвч далбааны асуудал бол гадаадад амьдарч буй иранчуудыг хувааж буй цорын ганц асуудал биш юм.
2026 оны хоёрдугаар сард Ираны дээд удирдагч Али Хаменей агаарын цохилтоор амь үрэгдсэний дараа Лос-Анжелес хотын Персүүдийн дүүрэг буюу “Техранжелес” хэмээн нэрлэгддэг Уэствудын гудамжинд олон хүн баяр тэмдэглэн гарч иржээ. Тэд “Баярлалаа, Ерөнхийлөгч Трамп”, “Баярлалаа, Биби Нетаньяху” хэмээн хашхирч, Нар ба Арслангийн далбаа намируулж байв.
Гэвч зарим хүмүүс АНУ-ын цохилт дэглэмийн өөрчлөлтийг баталгаажуулахгүй гэж анхааруулж, дайн амь үрэгдсэн хүмүүсийн амьдралаар хэмжигдэхүйц үнэ цэнтэй эсэхэд эргэлзэж, Трампын жинхэнэ зорилгыг асууж байлаа.
100 гаруй хоног үргэлжилсэн дайны дараа АНУ болон Иран баасан гаргаас хэрэгжиж эхлэх тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн ч ДАШТ эдгээр маргааныг дахин сэргээжээ.
“Тэд бол Ираны шигшээ баг биш”
Зарим хүмүүсийн хувьд Исламын Бүгд Найрамдах Улсын спортод үзүүлж буй улс төрийн нөлөө хэтэрхий гүнзгий тул үл тоомсорлох аргагүй асуудал юм. Arya FC-ийн тоглогч Рамин Гашгаэй дөрвөн жилд нэг удаа болдог энэ тэмцээнийг бүхэлд нь бойкотлохоор шийджээ.
“Би хөлбөмбөгт хайртай. Хөлбөмбөг бол Персийн соёлын салшгүй хэсэг. Бид гэр бүлийн уулзалтаар ярьдаг, ахмад настнууд, залуучууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бүгд цэнгэлдэх хүрээлэнд очиж багаа хөгжөөн дэмждэг. Энэ үнэхээр сайхан зүйл” гэж тэр хэлэв.
Гэвч тэр Ираны шигшээ багийн тэмцээнийг үзэхгүй. “Миний бодлоор тэд бол Ираны үндэсний шигшээ баг биш. Иранд бүх зүйл танил тал, мөнгө, улс төрийн үзэл суртлаар шийдэгддэг. Та Исламын Бүгд Найрамдах Улсыг дэмждэг үү, үгүй юу? Хэрэв дэмждэг бол шигшээд орох давуу эрхтэй байж магадгүй. Энэ бол цэвэр улс төрийн тоглолт” гэж Гашгаэй хэлжээ.
Arya FC-ийн ахлагч Адели Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтын талаар ижил бодолтой байдаг ч түүний сэтгэл зүрх Ираны шигшээ багтай хэвээр үлджээ.
Нью-Йорк хотын иргэн, 26 настай Иран-Америк хуульч Омид Аскари Ираны багийг өөрийн дэмжих гэж буй АНУ-ын шигшээ багтай харьцуулан тайлбарлав.
“Би америк хүн. Америкийн тамирчдыг амжилт гаргаасай гэж хүсдэг. Энэ нь би Трампыг, түүний засаг захиргааг, Цагаачлалын албыг эсвэл америкийн цэргийн ажиллагааг дэмждэг гэсэн үг биш. Гэхдээ би өөрийн багаа амжилт гаргаасай гэж хүсдэг. Иран бол шашны дарангуйлалтай улс. Гэхдээ энэ нь тэд сайн хөлбөмбөгчид биш гэсэн мэдээж үг биш. Тэд миний ярьдаг хэлээр ярьдаг, миний иддэг хоолыг иддэг, миний соёлыг хуваалцдаг. Ираны ялалт нь Исламын Бүгд Найрамдах Улс байгуулагдахаас ч өмнө байсан зүйл. Тийм ч учраас ямар ч дэглэмээс урт насална” гэжээ.
Аскари 6-р сарын 26-нд Сиэтл хотод болох Иран–Египетийн тоглолтын тасалбар худалдаж авсан байсан ч дараа нь буцаан заржээ. Үүнийгээ тэрээр “Трамп дараа нь жиргэж магадгүй гэж төсөөлөгдөх олон нийтийн нэг хэсэг болж харагдахыг хүсээгүй” гэж тайлбарласан байна.
Дайны сүүдэрт дарагдсан ДАШТ
Хэний төлөө хөгжөөн дэмжигч болж очих вэ? гэсэн асуултыг цэнгэлдэх хүрээлэнд хэн орж чадах вэ гэсэн асуудал улам түвэгтэй болгожээ.
FIFA-гийн дүрмийн дагуу Дэлхийн аваргын тоглолт бүрийн тасалбарын 8 хувийг тухайн оролцогч улсуудад зориулан хуваарилдаг бөгөөд үндэсний холбоод нь өөрсдийн хөгжөөн дэмжигчдэд борлуулдаг. Гэвч өнгөрсөн долоо хоногт Ираны Хөлбөмбөгийн холбоо өөрт нь оногдсон бүх тасалбарын эрх цуцлагдсан гэж мэдэгдснээр аяллын төлөвлөгөөгөө аль хэдийн гаргасан хөгжөөн дэмжигчид тасалбаргүй үлджээ.
Холбоо мэдэгдэлдээ “Одоогийн нөхцөл байдалд бид шигшээ багийнхаа хөгжөөн дэмжигчдэд ганц ч тасалбар олгох боломжгүй байна” гэжээ. Зөвхөн хөгжөөн дэмжигчид биш, баг өөрөө ч зохион байгуулалтын хүндрэлтэй тулгарчээ.
Ираны шигшээ баг анх Аризона мужийн Тусон хотод байрлах ёстой байсан боловч оронд нь 6-р сарын 7-нд Тихуанагийн олон улсын нисэх буудалд газардаж, АНУ-ын хилээс өмнө зүгт байрлах Centro Xoloitzcuintle төвд бэлтгэлээ базааж эхэлсэн байна.
Багийг ирэхэд нисэх буудлын үүдэнд ойролцоогоор 20 хөгжөөн дэмжигч улсынхаа далбааг намируулан угтаж авчээ.
Хэсгийн шатны бүх тоглолт АНУ-ын хил нэвтрэх шаардлагатай болох боловч Ираны Хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчийн мэдээлснээр тоглогчид эхний тоглолтоос нэг хоногийн өмнө, дараагийн хоёр тоглолтоос хоёр хоногийн өмнө л АНУ-д нэвтэрч, тус улсад байх хугацаагаа аль болох багасгах юм байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Амир Галенойе Ираны хагас албан ёсны Tasnim агентлагт ярилцлага өгөхдөө удирдлагын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон нэг гүйцэтгэх захирал одоог хүртэл хил нэвтрэх зөвшөөрөл аваагүй байгааг дурджээ.
Ираны Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж Вашингтоны үйлдлийг “Багуудын хооронд тэгш бус байдал, дайсагналын илрэл”гэж нэрлээд FIFA-д албан ёсоор гомдол гаргана гэж мэдэгджээ.
Эрх чөлөөг хүлээсээр
Аделигийн бодлоор Ираны шигшээ баг зөвхөн тоглолтдоо оролцохын тулд шаардагдаж буй урт зам, зохицуулалтын хүндрэлүүдээс гадна олон сарын турш дайны зовлонг туулж байгаа нь өрсөлдөөнийг улам нэмэгдүүлсэн гэнэ. Түүний хувьд энэ дайн дуусах цаг болсон.
Гэвч Гашгаэй зэрэг олон хүн үүнтэй санал нийлэхгүй байна. “Трамп Ираны ард түмэнд амлалт өгсөн. Бид эрх чөлөөг удаан хугацаанд хүлээж байна” гэж тэр хэлэв.
Социологийн профессор, орчин үеийн Иран болон Ираны нийгмийн асуудлаар мэргэшсэн Кеван Харрисын хувьд энэ бүхэн огтхон ч гайхмаар зүйл биш аж. Иран-Америк гаралтай Харрисын хэлснээр, 2022 оны Махса Аминигийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш гадаад дахь иранчууд улс төрийн асар хүчтэй хуваагдлын дундуур туучиж иржээ. Урьд нь улс төрд төдийлөн оролцдоггүй байсан олон хүн идэвхтэй тэмцэгчид болсон байна.
2026 онд олон хүн дайн дэглэмийн өөрчлөлтийг түргэтгэнэ гэж найдаж байв. Гэвч тийм зүйл болсонгүй. Харрисын нэрлэснээр үүний дараа “идэвхгүйжилт” эхэлжээ. “Лос-Анжелест одоо хоорондоо ярилцахаа ч больсон хүмүүс бий. Дайны үед илүү цэрэгжсэн үзэл бодол давамгайлах хандлагатай байдаг. Өөр өнгө аястай үндсэрхэг үзэл гарч ирдэг. Үүний бодит үр дүн нь идэвхгүйжилт. Хүмүүс тодорхой хэмжээгээр өөрсдийгөө бусдаас тусгаарлаж байна” гэжээ.
Энэ бүхний дунд урьд өмнө байгаагүй онцгой ДАШТ болж байна.
Харрис энэ тэмцээн ямар үр дагавартай байхыг таамаглахдаа болгоомжтой хандаж буй аж. Түүний үзэж байгаагаар спорт бол логикоор биш, илүү эртний хийгээд тайлбарлахад хэцүү мэдрэмжээр ажилладаг зүйл гэнэ.
Тэрээр гадаад дахь иранчуудын байр суурийг “Мэдээж би энэ багийг хөгжөөн дэмжихгүй. Учир нь энэ баг намайг төлөөлдөггүй. Гэхдээ нэг л мэдэхэд дэмжээд эхэлдэг. Энэ бол логикоос үүдэлтэй зүйл биш” гэж тайлбарлав.
Тэрээр 1970-аад оны эхэн үеийн цэргийн дэглэмийн үеийн Бразилын шигшээ багийг жишээ болгон дурдсан байна. “Баг нь ялж эхэлмэгц хүмүүс улс төрийг үндсэндээ мартчихсан. Хүмүүс өөрсдийгөө баг дотроо хардаг. Тэд хамтын мэдрэмжийг мэдэрдэг. Спорт дайныг орлох ёстой зүйл. Тэрнээс биш спорт гэдэг өөрөө дайн байх ёсгүй” гэж тэр нэмж хэлэв.
Бразил 1970 оны Дэлхийн аваргын цомыг хүртсэн. Цэргийн дэглэм тухайн үеийн супер од Пелег суртал ухуулгын хэрэгсэл болгон ашиглаж байсан ч хүмүүс дэмжсээр байсан.
Тэр цом ямар ч хууль өөрчлөөгүй, дарангуйллын нийгэм, соёлд үзүүлэх нөлөөг сулруулаагүй. Гэхдээ тоглолтын 90 минутын турш энэ бүхэн чухал биш байлаа.
Ираны баг талбайд гарах үед энхийн хэлэлцээний үр дүнгээс шалтгаалан дайн үргэлжилж байж магадгүй, дууссан ч байж мэднэ.