
2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотголыг дагалдуулан өндөр настны тэтгэвэртэй холбоотой хуулийг өргөн мэдүүлсэн гэдгийг хэлээд уг өөрчлөлт арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхлэхийг мэдэгдэв.
Өөрчлөлтөөр суурь тэтгэвэр гэх ойлголт бодитоор хэрэгжиж ахмадын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх аж.
Ерөнхий сайд Н.Учрал "Нийгмийн даатгалын шинэчлэлийн багц хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуульд суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг оруулсан байгаа. Тэтгэврийн доод хэмжээ буюу 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэдийн 1/3 нь төрд 20-иос дээш жил ажилласан байдаг. Олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр тогтоолгоно гэдэг зарчим алдагдаж байсан учраас тэтгэврийн реформыг парламентаар батлуулсан.
Ийнхүү суурь тэтгэвэр олгох заалтыг төсвийн тодотгол баталсны дараагаас буюу арваннэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх тухай заалтыг төсвийн тодотголыг дагалдуулан өргөн бариад байна.
Ингэснээр суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэх юм.
Гэхдээ энэ нь ялгамжтай. Тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон ахмадуудад 300 мянган төгрөг, өндөр тогтоогдсон бол арай бага нэмэгдэнэ гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.