
Бямба гарагт Польшийн нийслэл Варшав хотын боловсролын байгууллагад 21 настай эмэгтэй халдлага үйлдэж, гурван хүнийг гэмтээсэн нь долоо хоног хүрэхгүй хугацаанд сургуульд гарсан гурав дахь халдлага боллоо гэж цагдаагийн байгууллага мэдээлэв.
Халдлага үйлдсэн эмэгтэй 17 настай бүсгүй рүү “аюултай эд зүйл” ашиглан дайрч, улмаар 17 болон 24 настай өөр хоёр хүнийг мөн гэмтээсэн гэж Варшавын цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Якуб Филипиак “Ассошиэйтед Пресс” агентлагт мэдээлжээ. Азаар гэмтсэн хүмүүсийн хэн нь ч амь насанд аюултай шарх аваагүй байна.
Цагдаагийн байгууллага боловсролын байгууллагын нэрийг мэдээлээгүй ч дээд боловсролын байгууллага учраас бямба гарагт ажиллаж байсан гэж мэдэгджээ. Мөн халдлага үйлдсэн эмэгтэй хохирогчдыг таньдаггүй байсан гэдгийг дурдсан байна.
Үүнээс өмнө, долоо хоногийн эхээр сургуульд хоёр удаа халдлага гарсантай холбоотойгоор дахин хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бямба гарагт Польш даяар 76 хүнийг саатуулж, улсын хэмжээнд бараг 50 мянган сургуулийг шалгасан талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн юм.
Долоо хоногийн эхээр сургуулиудад хоёр халдлага гарч, нэг хүн амиа алдан, хүүхдүүдийг оролцуулсан хэд хэдэн хүн шархадсаны дараа Польш даяар сургуулиуд аюулгүй байдлаа чангатгажээ. Зарим сургууль хичээлээ түр зогсоож, олон эцэг эх хүүхдүүдээ гэрт нь үлдээсэн бол цагдаагийн эргүүлүүд боловсролын байгууллагуудын орчимд ажилласан байна.
Лхагва гарагт Польшийн төв хэсэгт орших Мазовийн мужийн мэргэжлийн сургуулийн 19 настай сурагч хурц үзүүртэй зүйлээр бусад сурагч, багш нар болон хажуугаар өнгөрч явсан хүмүүс рүү дайрч, есөн хүнийг гэмтээжээ. Тэрбээр хэргийн газраас зугтсан ч баривчлагдсан. Дараагийн өдөр нь 15 настай хүү мөн мужийн өөрийнхөө өмнө нь сурч байсан сургуульд хутгатай халдлага үйлдэж, сургуулийн үйлчлэгчийг хөнөөн, хоёр хүнийг шархдуулжээ.
Польшийн иргэд үйлдсэн эдгээр хоёр халдлага насанд хүрээгүй хүүхдүүдийн сургуулийн хүчирхийлэл түгээмэл байгаагүй тус улсыг цочирдуулсан байна.
Пүрэв гарагийн орой гэхэд халдлагууд хоорондоо холбоотой байсан, мөн “цуст баасан гараг” хэмээн нэрлэсэн өдрөөр дахин халдлага гарч болзошгүй гэсэн цуурхал эцэг эхчүүдийн цахим бүлгүүд болон томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархжээ.
Баасан гарагт Польш даяар 59 сургууль урьдчилан сэргийлэх зорилгоор хичээлээ түр зогсоосны ихэнх нь нийслэл Варшав байрладаг Мазовийн бүсэд байв. Сургуулийн захирлууд аюулгүй байдлыг чангатгах тухай мэдэгдэл илгээж, үүдэнд ажиллах ажилтны тоог нэмэгдүүлэх, сурагчдын цүнхийг сайн дурын үндсэн дээр шалгах зэрэг арга хэмжээ авахаа зарлажээ.
“Энэ асуудалд буулт хийхгүй. Залуусын аюулгүй байдал хамгийн чухал” гэж Дотоод хэргийн сайд Марчин Кервиньски хэлэв.
Баасан гарагт саатуулагдсан хүмүүсийн дунд Варшавын төвийн нэгэн дүүргийн 14 настай хүү байжээ. Түүнээс далд иртэй хутга болон 11 ширхэг салют олдсон байна. Мөн Варшавын өөр дүүргийн 16 настай сурагч цүнхэндээ эрвээхэй хутга авч сургуульдаа ирсэн байжээ. Бусад зарим хүн хутганы зураг цахим орчинд нийтэлсэн, үе тэнгийнхнээ заналхийлсэн эсвэл сургуульд халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсэн байв.
Одоогоор сургуульд халдахыг уриалсан цахим сорилт үргэлжилж байгааг нотлох ямар ч баримт илрүүлээгүй гэж Засгийн газар мэдээлжээ. Түүнчлэн хоёр халдлага хоорондоо холбоотой байсан гэдгийг албан ёсоор батлаагүй байна. Хоёр халдлага үйлдсэн этгээд хоёулаа цагдан хоригдож байгаа аж.
Польш даяарх эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сургуулийн хүчирхийллийн талаар хэрхэн ярилцах талаар богино хугацаанд суралцах шаардлагатай болжээ. Эрх баригчид сургуулиудын аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээг үргэлжлүүлж, хямралын үеийн бэлтгэл сургуулилт зохион байгуулна гэж мэдэгдсэн. Мөн либерал үзэл баримтлалтай Засгийн газар цахим орчин дахь хортой агуулгыг хаах тухай хуулийн төслийг батлуулах хүчин чармайлтаа сэргээнэ гэж амлажээ.
Пүрэв гарагт болсон халдлагын үеэр гурван насанд хүрсэн хүнийг шархдуулсан 15 настай хүү үйлдлээ бичиж авахын тулд биедээ камер зүүсэн байжээ.