АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан” хэмээжээ.
Мөн тэрээр эрчим хүчний эх үүсвэрээс олж буй Оросын орлогыг таслан зогсоох арга хэмжээг эрчимжүүлж байгаа тул дараагийн ээлжинд Хятадыг мөн адил Оросын газрын тос худалдаж авахыг болиулах шаардлагатай арга хэмжээ авна хэмээн онцолжээ.
Энэтхэг, Хятад бол тэнгисээр тээвэрлэдэг Оросын газрын тосны хамгийн том худалдан авагч улс юм. 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа АНУ, Европын Холбоо Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авч, Европын худалдан авагчид Оросын газрын тосыг авахаа больсны улмаас Оросын тал үнээ хямдруулахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд Энэтхэг, Хятад хоёр улс энэ нөхцөл байдлыг ашиглан хямд үнээр газрын тос худалдан авч байгаа билээ.
Д.Трамп сүүлийн үед Оросын газрын тосыг худалдан авч буйтай нь холбогдуулан Энэтхэгийн эсрэг арга хэмжээ авч, АНУ руу экспортолдог Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулсан бөгөөд үүний шалтгаан нь Москвад шахалт үзүүлэн Украины асуудлаар энхийн хэлэлцээр байгуулахыг зорьж байгаатай холбоотой.
Вашингтон дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Ерөнхий сайд Н.Модиг ийм амлалт өгсөн эсэх талаарх и-мэйлээр илгээсэн асуултад одоогоор хариу өгөөгүй байна.