“Ice Top” хамтлаг ирэх сарын 8-нд Америкийн алдарт “Onyx” хамтлагтай хамтарсан тоглолт хийхээр болжээ. “Ice Top” хамтлагийн хувьд энэ нь гадаадын хамтлагтай хамтарч буй анхны тоглолт юм.
Энэ удаагийн тоглолтдоо зориулан сонсогчдодоо бэлэг барихаар өмнө хамтарч байгаагүй монголын нэртэй артист, дуучидтай хамтран шинэхэн уран бүтээлүүд туурвиж байгаа бөгөөд наадмын дараагаас эхлэн нийтэд цацна гэдгээ хамтлагийн рэппэр Бадгаа буюу С.Бат-Отгон мэдэгдлээ. Мөн тэдгээрээс хамгийн онцлууштай нь “Onyx” хамтлагтай хамтарсан цоо шинэ уран бүтээл байх болно хэмээв.
Мөн Коби хэмээх С.Чулуунбаяр “Бид өнгөрсөн хоёр сараас эхлэн тоглолтын бэлтгэлээ хангаж эхэлсэн. Уг тоглолтод маань бидний дууг нь дуурайн дуулж, хайрладаг байсан “Onyx” хамтлаг ирнэ. Мөн монголын хамтлаг дуучид оролцох тов гарсан” гэлээ. Тоглолтын найруулагчаар “Skin” энтертайнментын найруулагч Б.Анар ажиллаж байгаа гэнэ.
“Onyx” хамтлагийн хувьд 1989 онд Нью-Йорк хотноо дөрвөн гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд “heavy hip hop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тухайн цаг мөчид эл урсгалын төлөөлөгч болсон цөөнгүй хамтлагууд нэрд гарч байсан боловч тасралтгүй уран бүтээлээ үргэлжлүүлсэн нь “Onyx” хамтлаг юм. Харин одоогоор тус хамтлаг гурван гишүүнтэй. Ташрамд дурдахад уг хамтлаг 2019 онд манай улсад зочилж "Click Click Boom" хамтлагтай хамтарсан тоглолтоо хийж байжээ.