
Австралийн парламентын гишүүн Хелен Хейнс автомашинтай халдлагад өртөж, хоёр хөлөө тайруулсан гэдгийг түүний нөхөр Фил Хейнс баталжээ.
Фил Хейнсийн мэдээлснээр уг халдлагын улмаас эхнэр нь хүнд гэмтсэн ч ухаан санаа нь хэвийн, биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Халдлага үйлдсэн гэх 43 настай Брендан Ньюжентэд хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Мельбурн хотоос зүүн хойд зүгт 240 орчим километрийн зайд орших Вангаратта хотод парламентын гишүүний сонгуулийн ажлын байрны гадна Toyota LandCruiser автомашинаар Хейнсийг дайрсан хэрэгт Брендан Ньюжент сэжиглэгдэж байгаа юм. Түүнийг хэрэг гарсны дараахан баривчилжээ.
Брендан Ньюжентэд аюултай жолоодлогын улмаас бусдад хүнд гэмтэл учруулсан, санаатайгаар хүнд гэмтэл учруулсан, Австралийн Холбооны улсын төрийн албан тушаалтанд халдсан гэсэн гурван үндсэн зүйл ангиар ял тулгажээ.
Цагдаагийн байгууллага түүнийг хүний амь насанд халдахыг завдсан гэх зэрэг нэмэлт зүйл ангиар буруутгаж болзошгүйг мэдэгдсэн байна.
Вангаратта хотын ойролцоох Тарравинжи суурингийн оршин суугч Ньюжент нь байгаль орчны идэвхтэн гэдгээрээ танигдсан нэгэн аж. Тэрбээр шүүх хуралдааны үеэр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, мөн батлан даалтад гарах хүсэлт гаргаагүй байна. Түүний дараагийн шүүх хурал хоёрдугаар сард товлогджээ.
Шүүхийн баримтаас үзвэл Ньюжентэд каннабис тариалсан, эзэмшсэн гэх нэмэлт хэрэг мөн үүсгэсэн байна. Түүний өмгөөлөгч үйлчлүүлэгчид нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал байгааг дурдсан ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй аж. Мөн Ньюжент нугасны үрэвслээс үүдэлтэй, шалтгаан нь тодорхойгүй хөндлөн миелит хэмээх ховор мэдрэлийн эмгэгтэй болохыг шүүхэд мэдээлжээ.
Викториа мужийн цагдаагийн газар Австралийн Холбооны цагдаагийн байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд халдлагын сэдэл одоогоор тогтоогдоогүй байна.
Викториа мужийн цагдаагийн комиссар Майк Буш сэжигтний үйлдлийн шалтгаан, сэдлийг тогтоох нь мөрдөн шалгах ажиллагааны гол асуудал болохыг мэдэгджээ.