
Засгийн газрын хуралдаанаар Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ болон бусад асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.
Тэрээр "Хүнсний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хэмжээний санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан. Хүнсний стратегийн нөөц бүрдүүлэх ажилд улаанбуудайн тариалан эрхлэгчид аж ахуйн нэгжүүдийг жигдхэн хамруулахыг анхааруулж байгаа. Мөн хүнсний ногоог анх удаа худалдан авч нөөц бүрдүүлэх гэж байгаа учраас журмаа тодорхой гаргаад ажиллаж байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйн корпорацын мэргэжилтнүүд Улаанбаатар хот дахь ногооны зоориудтай танилцаад нөөц боломжийг нь судалж байгаа.
Нөөцийн махны санхүүжилтийн татаасыг арилжааны банкуудаар дамжуулдаг байсан бол энэ жил шууд аж ахуйн нэгжүүдэд нь зээл олгоно. Тэр мөнгө зөвхөн маханд зарцуулагдаж байгаа эсэхийг и-баримтаар хянана.
Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яам "Идэш" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Махны үнэ өсөөгүй байх идэшний цагаар Монгол Улсыг зургаан бүсэд хуваагаад бүс бүрд Улаанбаатар хотод махаа худалдах талбай гаргаж өгнө" гэв.