Увсын түүхт 100 жилийн ойг Баруун бүсийн уралдаантай хамтатган долоодугаар сарын 29, 30-ны өдрүүдэд тэмдэглэхээр болсон. Мөн Увс аймгийн Түргэн, Сагил, Давст, Завхан, Тариалан, Малчин сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд болж байна.

Тариалан сумын баяр наадмын хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд мориноосоо унах тохиолдол олон гарлаа. Өчигдөр болсон соёолон насны уралдааны үеэр найман хүүхэд мориноосоо унажээ. Унаач хүүхдүүд бэртэл, гэмтэл аваагүй гэдгийг Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. 

Баяр наадмын зохион байгуулах хорооноос уралдааны замыг 2-3 удаа шалгаж, баталгаажуулсан ч зарим газар тэмдэглэгээ хийгээгүй байна. Уралдааны явцад олон хүүхэд мориноосоо унасан ч бэртэл гэмтэл аваагүй гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Мөн морины комиссын гишүүд хурдан морины уралдааны үеэр хүүхдүүд унасанд харамсаж байгаагаа илэрхийлж, дараа дараагийн уралдаанд замын тэмдэглэгээг сайтар хийж байхаа мэдэгдлээ. 

Тариалан сумын баяр наадмын комиссын дарга М.Жамсран хурдан морины уралдааны замд бүрэн тэмдэглэгээ хийгээгүй хариуцсан ажилтанд хариуцлага тооцохоор болжээ. 

Өнөөдөр Тариалан сумын баяр наадам өндөрлөнө. Харин маргааш, нөгөөдөр буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Түргэн, Сагил, Давст сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам болох хуваарьтай байна.