
Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын Ярославль хотын газрын тос боловсруулах үйлдвэр гэмтэж, хоёр ажилтан шархадсан талаар тус мужийн захирагч Михаил Евраев мэдээлэв. Үйлдвэрийн талбайд гарсан галыг унтраахаар онцгой байдлын албаныхан ажиллаж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын Башкортостан болон Ярославль муж дахь газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт алсын тусгалтай цохилт өгсөн гэж мэдэгджээ.
Ярославль мужийн захирагч уг халдлагыг дайсны дроноор хийсэн “хамгийн том халдлага” гэж тодорхойлж, 93 дроныг устгасан боловч унасан хэлтэрхий газрын тосны агуулахын савнуудыг оносон гэж мэдээлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, өнгөрсөн шөнө тус улсын бүс нутгуудад нийт 856 Украины дрон устгасан байна. Харин BBC-ийн мэдээлэлд Оросын арми олон бүс нутагт 605 дроныг саатуулж, устгасан гэж дурджээ. Талуудын мэдэгдэлд дурдагдсан тоон мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа юм.
Украин сүүлийн долоо хоногуудад Оросын газрын тос боловсруулах үйлдвэр, агуулах зэрэг дэд бүтцийн байгууламжуудад цуврал цохилт өгч эхэлсэн. Судалгааны дүнгээс үзэхэд ийм халдлагын улмаас Оросын энгийн иргэдийн санаа зовнил нэмэгдэж эхэлсэн аж.