
Вьетнам улсад гар, хөл, амны өвчний томоохон дэгдэлт бүртгэгдэж, он гарснаас хойш гурван хүн нас барсан талаар Хо Шин Мин хотын Өвчний хяналтын төв мэдээллээ.
Тус улсын хамгийн олон хүн амтай хот болох Хо Шин Мин хотод энэ оны эхнээс хойш тус өвчний нийт 7300 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Зөвхөн гуравдугаар сарын 9–15-ны хооронд гар, хөл, амны өвчний 837 шинэ тохиолдол илэрчээ.
Одоогоор найман хүнд хэлбэрийн тохиолдол бүртгэгдсэний зургаа нь бусад мужуудаас ирсэн байна. Мөн 30 сургууль дээр суурилсан, 49 олон нийтийн дэгдэлт илэрсэн бөгөөд зарим бүс нутагт халдвар эрс нэмэгдэж байгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагууд өндөр халдварлах чадвартай Энтеровирус 71 вирус илэрч байгаад онцгой анхаарал хандуулж байна. Энэ нь шинжилгээнд хамрагдсан сорьцын 25 хувийг эзэлж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдэд мэдрэлийн болон амьсгалын ноцтой хүндрэл үүсгэж, нас баралтад хүргэх эрсдэлтэй юм.
Гар, хөл, амны өвчин нь ихэвчлэн тав хүртэлх насны хүүхдүүдэд тохиолддог ч насанд хүрэгчид ч халдвар авах боломжтой. Өвчин нь ханиах, найтаах үед үүсэх дусал, бохирдсон гадаргуу, цэврүүний шингэн, өтгөнөөр дамжин халдварладаг. Халуурах, хоолой өвдөх, аманд цэврүүт шарх үүсэх, гар болон хөл дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэнх хүүхдүүд 7–10 хоногийн дотор эдгэрдэг ч зарим тохиолдолд гэнэт хүндрэх эрсдэлтэйг эмч нар анхааруулж байна.
Урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол савандаж угаах, хүүхдүүдэд ариун цэвэр сахиулах, тоглоом болон ойр ойрхон хүрдэг эд зүйлсийг халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.
Эрүүл мэндийн яамнаас сургуулиудад гар угаах нөхцөлийг сайжруулах, эцэг эхчүүдэд шинж тэмдгийг эрт таних талаар мэдээлэл түгээхийг үүрэг болгожээ. Мөн халдварт өвчний үед заавал тусгаарлах журам нэвтрүүлэх санал дэвшүүлсэн бөгөөд батлагдвал батлагдсан, сэжигтэй болон хавьтал болсон хүмүүсийг хамруулан гэрт, эмнэлэгт эсвэл тусгай байранд тусгаарлах боломжтой юм.