
Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил тойрч байгаа. Мөн УИХ-ын Тамгын газрын даргаар томилогдсон Л.Өлзийсайханы оронд Цэцийн гишүүнийг нөхөн томилоогүй байгаа юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ажлаа авсан даруйдаа “Үндсэн хуулийн Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүний орон гарсан. Судалж байгаад ойрын үед Цэцийн гишүүний томилгоог УИХ-д оруулж ирэхээр ажиллаж байгаа” хэмээн мэдэгдэж байсан юм.
Үүнийхээ дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигчдийн материалыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн байна.
УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох бололтой. Хаврын чуулганыг долоодугаар сарын 3-нд завсарлуулах юм.