
Ослын үеэр сураггүй болсон бусад хохирогчдыг эрэн хайж, цогцсыг гаргах ажиллагаа үргэлжилж байна.
Зимбабвед Кариба нуурт гатлага онгоц хөмөрснөөс хойш зургаан хоногийн дараа цагдаагийнхан дахин найман хүний цогцсыг олжээ. Ингэснээр амиа алдсан хүний тоо 92 боллоо.
Зимбабвегийн Үндэсний цагдаагийн алба даваа гарагт олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ хамгийн сүүлийн үеийн хохирлын тоог мэдээлжээ. Ням гарагт цагдаагийнхан 84 хүний цогцос олсон гэж мэдэгдэж байсан юм. Сураггүй байгаа бусад хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн мэдээлснээр эрэн хайх ажиллагаанд их хэмжээний нөөц хүч дайчилжээ. Тодруулбал, дөрвөн завь, 40 гаруй шумбагч ажиллаж байна. Тэд бүх цогцос эцэстээ усны мандалд гарч ирнэ гэж үзэж байгаа аж.
Мягмар гарагт болсон энэхүү осол нь Зимбабвед бүртгэгдсэн хамгийн олон хүний амь нас хохирсон усан онгоцны осолд тооцогдож байна.
Гатлага онгоц Замби улсын хил орчим дахь нуурын хэсэгт хүчтэй салхитай үед хөмөрчээ. Эрх баригчдын мэдээлснээр уг онгоц 90 хүний багтаамжтай байсан ч тухайн үед хэдэн хүн зорчиж явсан нь одоогоор тодорхойгүй байна. Харин өмнөх мэдээллүүдэд онгоц хэт ачаалалтай явсан бөгөөд зорчигч, багийн гишүүд нийлээд 153 хүртэл хүн байсан байж болзошгүй гэж мэдээлж байжээ.
Гатлага онгоц Зимбабвегийн хойд хэсэгт орших Кариба хотоос тус улсын баруун хойд хэсгийн хөдөө орон нутаг болон загас агнуурын суурингуудыг чиглэжээ. Тус бүс нутагт нийтийн тээврийн хүртээмж хязгаарлагдмал, замуудын нөхцөл байдал муу зэрэг дэд бүтцийн хүндрэлтэй холбоотойгоор усан замын тээвэр өргөн ашиглагддаг аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон ослын талаар Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мэдэгдэл хийн “эмгэнэлт явдал” хэмээн тодорхойлоод, уг осол нь нэн даруй шийдвэрлэх шаардлагатай ноцтой дутагдлууд байгааг илчилсэн хэмээн мэдэгджээ.