
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд гүйж нийт 1418 км замыг туулан эх орондоо ирлээ. Түүний “Сайн үйлсийн хил дамнасан өвлийн хэт холын марафон” нь 34 хоногийн турш үргэлжилж, БНХАУ-ын Тяньжин хотод өндөрлөсөн билээ.
Монголын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 55 км бол БНХАУ-ын нутагт өдөрт 51 км замыг туулж байжээ.
Ахмад гүйгч, гавьяат тамирчин Б.Цэвээндашийн энэхүү амжилтыг үнэлэн өнөөдөр “Tiens” группээс түүнд “Дэлхийн эрүүл мэндийн элч”, “Нэг бүс нэг зам–Хайр ба нийтийн сайн сайхны элч” хэмээх хүндэт шагналуудыг гардуулжээ.
Б.Цэвээндаш олон улсын хэмжээний энэхүү урт зайн гүйлтийг амжилттай гүйцэтгэж, Монголын тамирчны тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг харуулсныг үнэлж дээрх шагналыг олгосон байна.
