
АНУ-ын зуучлалтай долоо дахь шатны хэлэлцээний гурав дахь өдөр өндөрлөлөө. Хэлэлцээ өндөрлөхтэй зэрэгцэн Израил Ливаны өмнөд хэсгийн Тир дүүрэгт агаарын цохилт өгсөн байна.
Израилын агаарын цохилт болон их бууны гал Ливаны өмнөд нутгийн Тир дүүргийн хэд хэдэн сууринг онилсны улмаас олон хүн шархаджээ.
Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр "Бурж Шемали хотыг онилсон Израилын агаарын цохилтын улмаас найман хүн шархадсан" аж. Израилын дронууд Тир хотоос ойролцоогоор 5 км зайтай орших Бурж аль-Шамали хотын аль-Малааб хорооллыг онилсон байна. Мөн өмнөд нутгийн аль-Мансури болон Маждал Зун хотуудын хооронд дахин гурван удаагийн цохилт өгчээ.
Аль Жазира-гийн Ливан дахь сурвалжлагч Зейна Ходрын мэдээлснээр, нэгэн агаарын цохилтын улмаас энгийн иргэний орон сууц бүрэн сүйдсэн байна.
Лхагва гарагт Маждал Зун тосгонд хайгуулын ажиллагаа явуулж байсан Израилын цэргүүд тэсрэх төхөөрөгт өртсөний улмаас хоёр цэрэг амиа алдаж, дөрвөн цэрэг шархаджээ. Цэргүүд энгийн иргэний байшин руу орсны дараа урьдчилан байрлуулсан тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн байна.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээллээр, гуравдугаар сарын 2-ноос хойш Израилын цэргийн ажиллагааны улмаас 4333 хүн амиа алдаж, 12 000 гаруй хүн шархаджээ.
Мөн Израилын арми лхагва гарагт Ливаны өмнөд хэсэг рүү 113 сум, пуужин харвасан нь зургадугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт байсан талаар НҮБ-ын Ливан дахь Түр хүч мэдээлсэн байна.
Ливаны арми аль-Мансури тосгонд замуудыг нээхээр байрласан ч Ливан-Израилын хамтарсан "Механизмын хороо" уг ажиллагааг зогсоосон гэж тосгоны дарга Хайдар Мадихли мэдэгджээ. Израилын арми тус бүсийг "цэргийн хязгаарлагдмал бүс" гэж үзэж байгаа аж.
Сүүлийн хэдэн долоо хоногт Израилын арми ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Бофорт цайз орчмын бүсэд олон удаа дэлбэрэлт үйлдсэн.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон Батлан хамгаалахын сайд Исраэль Кац хамтарсан мэдэгдэлдээ, Галилейн бүсийн суурин руу нэвтрэхэд ашиглах зорилготой байсан гэх Хезболлагийн хонгилын сүлжээг устгасан гэж мэдэгдсэн ч энэ талаар нотлох баримтыг олон нийтэд танилцуулаагүй.
Израил-Ливаны хэлэлцээний долоо дахь шат
Эдгээр халдлага нь Италийн нийслэл Ром хотод болсон АНУ-ын зуучлалтай Израил, Ливаны шууд хэлэлцээний долоо дахь шатны гурав дахь буюу сүүлийн өдөртэй давхцлаа.
Хэлэлцээний үеэр Хезболлаг зэвсэггүй болгох асуудал болон Израил Ливаны нутгаас цэргээ гаргах асуудлыг хэлэлцсэн байна.
Хэлэлцээний дараа АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт "Техникийн түвшинд хэлэлцээ үр дүнтэй боллоо. Ливан, Израил хоёр туршилтын бүсүүдийн үйл явцыг өргөжүүлэх, урагшлуулах асуудлаар тохиролцоонд хүрэхэд өмнөхөөсөө илүү ойртсон" гэж мэдэгджээ.
Ливаны өндөр албан тушаалтан нэгэн Anadolu агентлагт хэлэхдээ, пүрэв гарагийн хэлэлцээ АНУ-тай холбоотой шалтгаанаар нэг цаг орчим хоцорч эхлэн цэргийн, улс төрийн, хууль эрх зүй, хилийн болон хоригдлуудын асуудлыг тус тусад нь гурван зэрэг уулзалтаар хэлэлцсэн гэжээ.
Цэргийн уулзалт нь нэр томьёо, техникийн асуудалд төвлөрсөн бол улс төрийн хэлэлцээ нь:
Израилын тал санал болгож буй бүсүүдийн байршил, газарзүйн нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн ч энэ асуудлаар ямар нэгэн ахиц гараагүй гэж эх сурвалж мэдээлжээ.