
Италийн өмнөд эрэг дээрх хосуудын дунд “Хайрын нум” хэмээн алдаршсан байгалийн тогтоц Валентины өдөр хүчтэй шуурганы үеэр нуржээ.
Faraglioni di Sant’Andrea хэмээх энэ газар нь Италийн “гутлын өсгий” гэгддэг Саленто хойгийн хадархаг эрэгт орших байгалийн чулуун нум юм. Олон зууны турш дурлалт хосууд энд ирж гэрлэх санал тавих, ойн баяраа тэмдэглэлэг уламжлалтай байжээ. Домогт өгүүлснээр, уг нумын доор үнсэлцсэн хосуудын хайр мөнхөрдөг гэж үздэг байв.
Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн өмнөд хэсгийг дайрсан хүчтэй шуурганы үеэр нумын эмзэг бүтэц нурж, овоолсон нуранги болон хувирчээ.
Нурсан нумын ойролцоох Меледугно хотын дарга Маурицио Чистернино CNN-д ярихдаа, энэ явдал нь “Салентогийн нэр хүнд болон аялал жуулчлалд хүнд цохилт болсон” гэжээ.
Нум нь Пуглиа бүсийн калькаренит чулуун хадыг олон зууны турш ширүүн салхи, өндөр давлагаа элээж үүсгэсэн тогтоц аж. Адриатын тэнгисийн оюу өнгөт усан дээр сүндэрлэн оршдог энэ газар нь анх далайн дээрэмчдээс сэрэмжлүүлэх стратегийн ажиглалтын цэг байсан бол XVIII зууны сүүл үеэс дурлалт хосуудын очих дуртай газар болжээ.
Сүүлийн жилүүдэд Инстаграмд нийтлэгдсэн зургуудын ачаар мянга мянган хосуудыг татах болсон тус газар нь үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй тул яг хэдэн хүн очдогийг тогтоох боломжгүй гэнэ.

Орон нутгийн иргэн Лоренцо Барлато 40 гаруй жилийн өмнө эхнэртээ уг нумыг харсан хадан дээр гэрлэх санал тавьж байжээ. Тэд жил бүр хуримын ойгоороо энд ирдэг байсан гэнэ. Бямба гараг (2026.02.14)-ийн нурангийн дараа “Дахин очихыг тэсэн ядан хүлээж байсан. Харин одоо харамсалтай нь тэр диваажингийн хэсгээс надад үлдсэн зүйл бол олон сайхан гэрэл зургууд л байна” хэмээн Лоренцо Барлато хувийн сошиал хуудастаа бичжээ.
Энэ бүс нутаг маш алдартай тул нумын нэрээр нэрлэгдсэн зочид буудал, амралтын газрууд олон байдаг.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн усны температур нэмэгдэж, эрс тэс цаг агаарын үзэгдэл нэмэгдэж буй нь нумыг сүйтгэсэн хүчтэй шуурганы нэг шалтгаан гэж үзэж байна. Нум нь нэгдүгээр сард болсон “Харри” циклонд аль хэдийн гэмтсэн байжээ. 2024 онд орон нутгийн захиргаа эргийн элэгдэлтэй тэмцэх хамгаалалтын төсөлд зориулж 4.5 сая ам.долларын санхүүжилт хүссэн ч авч чадаагүй гэж Чистернино мэдээлсэн байна.
“Бид үүнийг зайлшгүй тохиолдох эмгэнэл гэдгийг мэдэж байсан. Гагцхүү ийм хурдан болно гэж төсөөлөөгүй” гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ. Энэхүү нуранги нь Италийн өмнөд хэсгийг хамарсан хэдэн долоо хоногийн ширүүн шуурганы дараа болжээ.
Нишчеми хотод саяхан хөрсний гулгалтын улмаас байшингууд жалганд унасан бол, Ромын ойролцоо өнгөрсөн долоо хоногт үерийн улмаас нэг хүн амиа алдсан байна.