
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар болсон.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал " УИХ дээр зургаан байнгын хороо хуралдсаны дараа харахад ногдол ашгийн зарцуулалттай холбоотой 235 санал гарсан. Зарчмын зөрүүтэй гэж нэрлэгдэж байгаа зарчмын бус саналууд ч бий. Оюутолгойтой хэлэлцээр хийж, ногдол ашиг авахаар тохиролцож үр дүнд хүрээд УИХ-аар үүнийг албажуулах гээд явж байтал гишүүдийн зүгээс 235 санал гаргаж байгаа нь Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байна гэж үзэж байна.
Сүүлийн мэдээгээр И-Монголиагаар дамжуулж авсан асуулгад 106 мянган иргэн санал өгсөний 57 хувь нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн. 27 хувь нь Хуримтлалын санд хадгалъя гэсэн санал гаргасан байна. Иймд иргэдийн саналыг хүндэтгэж, хуулийн төслөө татан авлаа. Гэхдээ ногдол ашиг авах асуудал орхигдож байна гэсэн асуудал огт биш. Ногдол ашиг авахаа харилцан тохиролцсон. Одоо тоон дээр эцэслэж тохироод орж ирсэн ногдол ашгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд оруулж түүгээрээ дамжуулан эрүүл мэнд, боловсролд зарцуулна" гэв.