
Иран "дайсагнаагүй" орнуудын хөлөг онгоцуудыг Ормузын хоолойгоор нэвтрэхийг зөвшөөрнө гэж мэдэгдсэний дараа Ази, Европ, АНУ-ын зах зээлүүд сэргэж эхэллээ.
АНУ-ын зүгээс Ойрхи Дорнодод гал зогсоох 15 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг Иранд илгээсэн гэсэн мэдээллийн дараа газрын тосны үнэ буурч, дэлхийн хөрөнгийн зах зээл өссөн юм.
Газрын тосны үнэ лхагва гаргийн өглөөгүүр 4 хувиар буурч, брент хольц нэг баррель нь 100 ам.доллараас доош арилжаалагдаж эхэлсэн нь нийлүүлэлтийн дарамт сулрах төлөвтэйг харуулж байна.
Азийн хөрөнгийн зах зээлүүд өссөний дотор Японы Никкей 2.9%, Хонконгийн Ханг Сенг 1%-ийн өсөлттэй лхагва гаргийн арилжаа хаагджээ.
Европын зах зээлүүд ч мөн өслөө. Лондоны FTSE 100 индекс 1.4%-иар, Германы Dax индекс 1.3%-иар, Францын Cac 40 индекс 1.3%-иар өссөн байна. АНУ-ын хувьцаанууд өсөлтөө үргэлжлүүлж, Nasdaq индекс 0.7%-иар, S&P 500 болон Dow Jones индексүүд 0.6%-иар нэмэгдлээ.
Дэлхийн газрын тос, байгалийн хийн нийт нийлүүлэлтийн 20 хувь нь дамждаг Ормузын хоолойг Иран улс хааснаар тээвэрлэлт саатаж, дэлхий даяар газрын тосны хомсдол үүсэхэд хүргэсэн.
S&P Global-ийнмэдээллээс харахад мягмар гарагт хоолойгоор ердөө дөрвөн хөлөг онгоц дамжин өнгөрснийг бүртгэсэн бөгөөд зарим нь дамжуулагчаа унтраасан байж болзошгүй аж.
Арабын Нэгдсэн Эмират Улс, Их Британи, Франц, Герман, Канад, Австрали зэрэг 30 гаруй орон Ормузын сувгийг хамгаалахын тулд "зохих хүчин чармайлт" гаргахаар тохиролцсон хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч Ираны Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл болон Олон улсын далайн байгууллагад "Ираны эсрэг түрэмгийлэлд" оролцоогүй улсуудын хөлөг онгоцыг хоолойгоор нэвтрэхийг зөвшөөрч байгааг мэдэгджээ.
Дэлхийн бордооны гуравны нэг нь тус усан замаар дамждаг бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын өндөр албан тушаалтан бордооны хангамж тасалдах нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байгааг анхааруулсан юм.